Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн өчигдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух шинэ Элчин сайдаар томилогдсон М.П.Сингх-ыг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр элчин сайд М.П.Сингх Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнд гардуулав. Тэрбээр Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсондоо баяртай байгаагаа илэрхийлээд Энэтхэг Улс Монгол Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлж, дараагийн шатанд гаргахын төлөө эрчимтэй ажиллахаа илэрхийлэв. Мөн Монгол, Энэтхэгийн эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн сацуу боловсрол, хүний нөөцийн салбарт ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлсэн байна.
ХаринТөрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол, Энэтхэгийн улс төрийн харилцаа өндөр түвшинд хөгжиж байгааг онцлоод цаашид Газрын тос боловсруулах үйлдвэр барих зэрэг манай хоёр улсын хооронд хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ. Мөн тэрбээр Элчин сайдыг үүрэгт ажлаа гүйцэтгэх хугацаанд Гадаад харилцааны яамны зүгээс бүх талын дэмжлэг, туслалцааг үзүүлэх болно гэдгийг тэмдэглэв.