УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй Ц.Гарамжав, О.Баасанхүү, Л.Болд, Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж нарын Их хурлын гишүүд энэ сарын 11-15-нд Швейцарийн Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн даргын урилгаар албан ёсны айлчлал хийсэн билээ.
Айчлалын хүрээнд Швейцарийн Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэттитай албан ёсны хэлэлцээ хийж, улмаар Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа, парламентын дэгийн зохицуулалттай танилцсан байна.
Мөн Монгол Улс, Швейцарийн Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүндэтгэлийн ёслолд оролцсон гээд хэд хэдэн удаагийн уулзалт хийж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байдаг.
Тэр дундаа тус улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Төрийн зөвлөлийн Гадаад харилцааны байнгын хорооны дарга Филиппо Ломбарди, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Паскал Баерисвил, Сангийн яамны Олон улсын санхүү хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Даниела Стоффел нар Монгол Улсын Их Хурлын даргад бараалхсан юм.
Албаны шугмаар хэд хэдэн хэлэлцээрт хүрсэн тус айлчлалын үеэр сонирхол татсан нэгэн явдал болсон байна. Энэ нь тус улсын зүгээс гишүүд Сангийн сайд асан С.Баярцогтын офшшор данстай холбоотой баримтыг өгсөн явдал юм.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан энэ талаар "Credit Suisse AG" банк дахь С.Баярцогтын ам.долларын гурав, еврогийн хоёр нийт таван дансны 2008.09.30-наас 2013.12.31 хугацааны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг Монголын талд хүлээлгэж өгснийг авч ирлээ. Гадаад харилцааны яамаар дамжиж, АТГ-т хүргэгдэж байна. Оюутолгойн гэрээтэй холбоотой харилцаа тогтоогдвол гэрээг дахин авч үзэх эрх зүйн үндэслэл болох чухал ач холбогдолтой” хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн юм. Мөн тэрбээр “Удахгүй С.Баярын дансны мэдээллийг удахгүй авна” гэдгийг ч хэлж байв.
Эдгээрээс гадна Швейцарын холбооны улсад манай улсын нэр, нөлөө бүхий нэг хүний 72 сая ам.долларын гүйлгээний асуудал байгаа талаар эх сурвалж хэлсэн юм. Одоогоор энэ талаарх мэдээлэл тодорхой болоогүй байгаа бөгөөд холбогдох байгууллагууд судалж байгаа аж.
Дээрх 72 сая ам.долларын гүйлгээ сайд асан С.Баярцогтын хамаарал бүхий этгээдийнх үү, эсвэл өөр нэг оффшорчных уу гэдэг нь удахгүй тодорхой болох биз ээ.
Р.Хишиг
Сэтгэгдэл (52)