Өөрийн хойт дүрээ Энэтхэгээс тодорно хэмээн зарлаад буй Далай лам Шинэ Дели хотын төв эмнэлэгт гурав хоног хэвтэн эмчлүүлжээ.
Далай ламын нарийн бичгийн дарга Тензин Таклха "Далай лам ханиад туссаны улмаас гурван хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд баасан гарагийн өглөө эмнэлгээс гарсан. Түүний биеийн байдал сайжирсан" гэж мэдээллэжээ. Өдгөө 83 настай Төвдийн буддын шашны удирдагч Далай лам 60 жилийн турш амьдарч буй Дармсала хот руугаа буцахын өмнө Шинэ Дели хотод хэд хоног саатах аж.
Тэрбээр 1959 онд 23 настайдаа Хималайн хилээр дамжин Төвдийн нийслэл Лхас хотод дүрвэж ирсэн юм. Далай лам Энэтхэгт "хөөгдмөл Засгийн газар" байгуулж, Төвдийг дахин сэргээх кампанит ажил явуулсаар ирсэн. Өөрийгөө буддын шашинт энгийн лам хэмээн нэрлэдэг тэрбээр олон арван жилийн турш дэлхийн дахины сүмүүдээр зочилж, нэр хүндтэй улстөрчид, Холливудын жүжигчидтэй уулзаж, ном айлддаг. Дэлхийн энх тайвны бэлгэ тэмдэг болсон статусаараа дамжуулан тэрбээр итгэл үнэмшлийг түгээдгээрээ Махатма Ганди болон Мартин Лютер Кинг нартай эн зэрэгцдэг. Харин БНХАУ түүнийг “ламын орхимж өмссөн чоно” хэмээн нэрлэж, улс орныг салан тусгаарлахыг оролдож байна хэмээн буруутгасаар байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд Далай ламын хойт дүрийг Энэтхэгээс тодрох ёсгүй гэж хятадын талаас мэдэгдсэн юм. Хэдийгээр Далай лам өдийг хүртэл алдар хүндтэй илтгэгч хэвээр байгаа боловч БНХАУ-ын илэрхийлж буй байр суурьтай холбоотойгоор гадаадын улс орнууд түүнээс нүүр буруулах болжээ.
Тэрбээр 2016 оноос хойш гадаадын орны нэг ч удирдагчтай уулзаагүй байна. 1959 онд орогнох эрх өгсөн Энэтхэг улс хүртэл түүнээс нүүр буруулж, Ерөнхий сайд Нарендра Модигийн Засгийн газар дипломат харилцаанд сэв сууж болзошгүй хэмээн үзсэний улмаас Далай ламтай холбоотой арга хэмжээнд оролцохгүй байхыг төлөөлөгчдөд анхааруулсаар байгаа юм.