Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Дулааны тархмал эх үүсвэр төслийг хэрэгжүүлж байна. Уг төслөөр хийн түлшээр ажиллах эх үүсвэрийн дулааны станцыг Их Засаг, Дүнжингарав, Цэцэрлэгт хүрээлэн, Дэнжийн мянгад барина. Хатуу түлшээр ажиллах дулааны станцыг Шархад, Яармаг, Залуус, Морингийн даваа, Хүннү хот, Сэлбэ хотод барихаар төлөвлөсөн. Тус бүр 21 МВт-144 МВт хүртэлх хүчин чадалтай 10 дулааны станцыг тархмал хэлбэрээр барих бөгөөд оргил цагийн үед системээс ирэх ачааллыг бууруулан, 581 Гкал/цаг дулааны эрчим хүч нийлүүлж хэрэглэгчдийг тасралтгүй, найдвартай эх үүсвэрээр хангахыг зорьж буй.
Тэгвэл Дулааны тархмал эх үүсвэр төслийн нэг Дэнжийн мянгын дулааны станцын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулсан. Станц барих нэгж талбарын газар чөлөөлөлт 90 орчим хувьтай байна. Тодруулбал, дулааны станцыг нийт 58 нэгж талбарт байгуулахаас 51 нэгж талбарыг бүрэн чөлөөлжээ. Мөн дулааны шинэ эх үүсвэрийн технологийн хувилбарыг тэлэх зорилгоор Сэлбэ болон Хүннү хот орчмын нутаг дэвсгэрт газрын гүний дулааны хайгуул, судалгааг эхлүүлээд байгаа аж.
Ийнхүү бага чадлын дэд станцуудыг байгуулж, оргил цагийн ачааллыг хуваарилах, системийн доголдлоос сэргийлэх Дулааны тархмал эх үүсвэр төсөл үе шаттай хэрэгжиж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС