УИХ-аас ардчилсан, ил тод, цахим, зөвлөлдөх парламентыг бий болгох зорилгоор D-Parliament платформыг 2022 онд нээсэн. Энэхүү платформыг өргөжүүлэх ажлын хүрээнд Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх иргэний саналыг хүлээн авах D-Өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-ийг хөгжүүлээд байгаа юм. Тус системээр дамжуулан иргэн нийтийн өргөдөл санаачлах болон нийтийн өргөдлийг дэмжиж санал өгөх боломжтой болсон билээ.
Тэгвэл тус системд хуульч О.Батхүү "Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох" өргөдлийг санаачилсан агаад наймдугаар сарын 26-ны өдрийн 16:10 минутын байдлаар 57 мянга гаруй иргэн дэмжиж гарын үсэг зураад байна. Саналыг 100,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол Улсын Их Хурлын дарга уг асуудлаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлж, харъяалах Байнгын хороонд шилжүүлнэ.