
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар Бээжин хотноо дээд хэмжээний уулзалтаа үргэлжлүүлж байна.
Уулзалтын үеэр хоёр улсын удирдагчид худалдаа, тарифын бодлого, хиймэл оюун ухаан, Тайванийн асуудал, Ирантай холбоотой бүс нутгийн нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан асуудлуудыг хэлэлцэж байгаа талаар олон улсын агентлагууд мэдээлэв.
Ройтерс агентлагийн мэдээлснээр АНУ болон Хятад улс зарим бараанд харилцан тариф бууруулах боломжийг хэлэлцэж байгаа бөгөөд эрчим хүч, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх асуудал яригдаж байна.

Мөн талууд Ормузын хоолойн тээврийн аюулгүй байдлыг хадгалах шаардлагатай гэдэг дээр байр сууриа ойртуулсан талаар АНУ-ын Төрийн департамент мэдэгдэв.
Хиймэл оюун ухааны асуудлаар хоёр тал аюулгүй байдлын хамтын ажиллагааны механизм байгуулах талаар санал солилцсон боловч технологийн өрсөлдөөн, харилцан үл итгэлцэл өндөр хэвээр байгаа талаар шинжээчид онцолж байна.
Энэхүү уулзалтад АНУ-ын томоохон технологийн компаниудын төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд үүнд Энвидиа компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан болон Эппл компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк нар багтжээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар энэхүү уулзалт нь АНУ–Хятадын харилцааг тогтворжуулах, дэлхийн эдийн засаг болон геополитикийн эрсдэлийг бууруулах зорилготой боловч томоохон бодлогын тохиролцоо гарах эсэх нь тодорхойгүй хэвээр байна.



















































