“Gobi Dessert” гэсэн хаягтай 70 гаруй сая жилийн өмнө амьдарч байсан үлгэр гүрвэлийг монголчууд мэдээгүй байхад дуудлага худалдаагаар зарагдах гэж байсанд энэ салбарынхан төдийгүй олон нийт санаа зовниж байна. АНУ-ын Нью-Иорк хотод байдаг “Херитейж Аокшн” байгууллага маргааш энэ олдворыг зарна гэдгээ албан ёсоор зарлаад байгаа юм. Энэ мэдээллийг Монголын хэсэг эрдэмтэд олж мэдээд ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид захидал бичсэнээр өнөөдөр олон нийтэд ил болж байна. Тиранозаурус Батаар төрлийн үлэг гүрвэлийн их биеийн араг ясан нь 70 хувь, гавлын хэсэг нь 80 хуь бүтэн байгаа тул маш үнэт олдворт тооцогдож байгаа аж. Хамгийн түрүүнд энэ үлэг гүрвэлийн араг яс нь Монголынх мөн үү?, Яаж хил давсан бэ?, Яаж заруулахгүй байх вэ? гэсэн асуулт монголчуудын дунд үүсээд байна.
Монголын олдвор мөн үү?
Энэ үлэг гүрвэлийн арга ясыг Монголынх гэдгийг нотлох хамгийн эхний эх сурвалж нь “Херитейж Аокшн” нь өөрийн сайт дээр уг олдворыг танилцуулахдаа 2005 онд “Gobi Dessert”-ээс олсон хэмээн бичсэн байна. “Gobi Dessert” бол Монголын говь нутгийг хэлж байгааг үгүйсгэх аргагүй юм. Мөн энэ төрлийн динозаврын олдвор нь Монголын говь нутгаас ихээр олддог бөгөөд сайн хадгалагдаж чадсанаараа гайхагдаж байгаа. Манай говийн байгалийн тогтолцоо, орчин нөхцөл нь амьтны араг ясыг гэмтээхгүй сайн хадгалж чаддаг тул бараг бүтнээрээ олдсон үлэг гүрвэлийн яс цөөнгүй байдаг аж. Тиранозаурус Батаарыг Монголынх гэж нотлох бас нэг баримт нь 2005-2007 оны үед говиос бараг бүтнээрээ шахуу динозаврын араг яс олдож байсан тухай мэдээлэл юм. Тухайн үед энэ мэдээллийг эрдэмтдийн хүрээнд яриад өнгөрсөн бөгөөд Японд шижлүүлэхээр, мөн баримтат кино хийхэд ашиглахаар явуулсан тухай манай эрдэмтэд ярилцлага өгч байжээ. Тиймээс Япон руу шинжлүүлэхээр өгсөн олдвор мөн байж магад гэж зарим хүн тайлбарлаж байна. Том мафийн сүлжээгээр дамжуулан хил давуулсан байж магадгүй
Монгол бол эртний үлэг гүрвэлийн өндөг, араг яс олддогоороо алдартай ч түүн шигээ түүхийн олдвороо гадныханд алддагаараа ч алдартай. Энэ араг ясыг АНУ-ын нэгэн иргэн жил гаруй хугацаанд машины граашдаа хадгалж, сэлбэж байгаад маргааш "Херитейж Аокшн"-оор дамжуулан зарахаар төлөвлөөд байгаа аж. Харин үүнээс өмнө яаж дамжиж ирсэн талаар мэдээлэл нь тодорхойгүй байгаа юм.Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч С.Батзаяа энэ олдворыг хилээр хэзээ, хэрхэн гаргасан нь тодорхойгүй байгаа ч наймаа нь хуулиас далдуур явагдсан талаар хэлж байна. Тэрбээр гадны хэвлэлүүдэд “Санаанд оромгүй сүлжээ, эрх мэдэл оролцсон байна” гэж бичсэнийг дамжууллаа. Эхний ээлжинд Тиранозаурус Батаарын ясыг заруулахгүй байх арга хэмжээ авч, дараа нь хуулийн байгууллагынхан хэний гараар түүхийн үнэт олдвор АНУ-д очсон бэ гэдгийг тодорхой болгох аж.
Үлэг гүрвэлийн ясыг заруулахгүй байхад олон улсын эрдэмтэд тусалж байна
Тиранозаурус Батаарыг дуудлага худалдаагаар заруулахгүй байхын тулд Гадаад хэргийн яам, тус улсад байгаа Монголын элчин сайдын яам болон эрдэмтэд ихээхэн чармайлт гарган ажиллаж байна. Бидэнд ирсэн мэдээллээр тус улсад үлэг гүрвэлийн чиглэлээр судалгаа хийдэг монгол эрдэмтэн Н.Болорцэцэг бусад судлаачидад хандан араг ясыг заруулахгүй байх арга хэмжээ авч байгаа аж. Тэрбээр одоогийн байдлаар дээрх дуудлага худалдааг эсэргүүцсэн 100 гаруй судлаач, эрдэмтдийн гарын үсгийг цуглуулаад байна. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газарт ч энэ хэргийг нааштайгаар шийдэхэд туслах, цаашлаад өмгөөлөх хүсэлтэй байгаагаа гадаадын цөөнгүй хүн мэдэгдээд байгаа гэв. Тринозаурус Батаарыг дуудлага худалдаанд оруулахыг эсэргүүцэж АНУ дахь Монгол Улсын Элчин Сайдын яамнаас АНУ–ын төрийн департаментад албан ёсоор мэдэгдэл хүргээд байна. Дэлхийн Палентологийн хүрээлэнгийн захирал ноён Ф.Кари-д ч Монголын хилээр хууль бусаар гарсан байж болзошгүй энэ олдворыг Монголд буцааж авчрах талаар анхаарлаа хандуулахыг хүссэн захидал илгээжээ.
Мөн дуудлага худалдаа зохион байгуулж байгаа “Херитейж Аокшн”-ы Даллас хотод байдаг удирдлагуудад нь манай талаас маргааш болох дуудлага худалдааг зогсоохыг хүссэн албан бичиг хүргүүлээд байгаа аж. Одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байгаа ч Монголын Засгийн газрын хүсэлт, эрдэмтдийн шахалтаар нааштай хариу өгч магадлал өндөр байгаа аж.
Тиранозаурус Батаарын дараа үеийн үлэг гүрвэлийн араг яс өмнө нь 8 сая доллараар зарагдаж байсан тул дээрх арга яс үүнээс ч илүү үнэд хүрэх магадлалтай байгаа юм. Энэ олдворыг худалдаж авахаар зэхэж байгаа зарим хүн дуудлага худалдааг цуцалсан тохиолдолд зарга үүсгэж болох ч энэ бол дараагийн асуудал юм. Юун түрүүнд Тиранозаурус Батаарыг Монгол руу буцааж авчрах нь чухал асуудал болоод байна.
Б.Баяр /24tsag.mn/
























































