Хоёр том дүйчэн өдрийн нэг болох Зулын 25-ны өдөр энэ амралтын өдөр тохиож байгаа.
Тиймээс энэ өдрийн талаар Гандантэгчэнлин хийдийн Олон Нийттэй Харилцах Албаны дарга С.Даваапүрэвтэй ярилцлаа.
-Хоёр том дүйчэн өдрийн нэг болох Зулын 25-ны өдөр удахгүй тохиох гэж байна. МБШТөв Гандантэгчэнлин хийд маань энэхүү Зулын 25-ны өдрийн үйл ажиллагааг жил бүр сүсэгтэн олонтойгоо хамтран өргөн дэлгэр сайхан тэмдэглэдэг. Тэгэхээр энэ жилийн дүйчэн өдөр урьд урьдын дүйчэн өдрүүдээс юугаараа ялгаатай, ямар онцлог үйл явдлуудаар дүүрэн байх бол, энэ талаар уншигчдад маань хүргэхгүй юу ?
-МБШТөв Гандантэгчэнлин хийд 1990 оноос хойш буюу ардчилсан нийгэм гарч Бурханы шашныг чөлөөтэй шүтэх болсон энэ цагаас эхлэн уламжлал болж тэмдэглэж ирсэн. Ийнхүү Бурханы шашны тэмдэглэлт чухал өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал дахин сэргэсэн. Түүний дотор хоёр томоохон ач холбогдол өндөртэй, цаг хугацааны хувьд жилийн хоёр зааг дээр таардаг хоёр дүйчэн өдөр байдаг. Үүний нэг нь Бурхан багшийн их дүйчэн өдөр буюу зуны эхэн сарын шинийн 15-ны өдөр тохиодог. Дараагийнх нь Богд Зонхава буюу бидний хувьд Богд лам хэмээн алдаршсан, шарын шашныг үндэслэгч Богд Зонхава ламын их дүйчэн өдөр Зулын 25-ны гэсэн энэ хоёр өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү Зулын 25 хэмээх буяны их өдөр 12-р сарын 6-ны Ням гарагт тохиож байна.
Энэ өдөр бид сүсэгтэн олонтойгоо хамтарч Монголынхоо ард түмний төлөө, сайн сайхны төлөө, амар амгалантай байлгахын тухайд буяны үйлийг хураана. Энэ жилийн онцлог юу гэвэл, уг үйл ажиллагааг голдуу Гандантэгчэнлин хийд сүсэгтэн олонтойгоо хамтарсан байдлаар, ерөнхийд нь голлож дангаараа шахам хийдэг байсан. Сүүлийн жилүүдэд Бурханы шашны үйл ажиллагаа өргөжин дэлгэрч байгаагийн илрэл юу вэ гэхээр, сүсэгтэн олон маань тодорхой хэмжээгээр өөрсдийн үзэл бодол, өдөр тутмын үйл ажиллагаа олон зүйлд сэтгэл санаа нийлсэн байдлаараа, хууль ёсны төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж оролцдог болсон. Энэ жилийн тухайтад сүсэгтэн олны төлөөлөл болсон “Монголын сүсэгтний холбоо”-той хамтран зохион байгуулах гэж байна. Энэхүү Сүсэгтний холбоо хэмээх энэ том байгууллага, Гандантэгчэнлин хийдтэй хамтарсны үрээр энэ удаагийн Зулын 25-ны дүйчэн өдөр Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн их хамба, гавж Дэмбэрэлийн Чойжамц лам Монголын нийт ард түмэндээ зориулж Цагаан Дарь-Эх бурханы насны авшиг буюу Насан уртасгах авшиг хэмээх номыг айлдана. Энэ ном айлдвар нь “Буянт-Ухаа” Спорт цогцолборын сайхан саруул танхимд 12-р сарын 6-ны Ням гарагийн 11 цагаас болно. Зулын 25-ны гол онцлог уламжлал бий. Монголчууд бид мах, махан идээг зайлшгүй хоол хүнсэндээ хэрэглэдэг. Амьдралын хэрэгцээ шаардлага болсон идэш уушны цаг гэж байдаг.
Энэхүү идэш уушаа Зулын 25-ны дүйчэн өдрөөс өмнө бэлдэж базаадаг уламжлалтай. Зөвхөн амьдрахын тухайд амьтны амь таслан, аргагүйн эрхэнд үйл хураалаа, хожмоо энэ амьтантай нэгнийхээ амийг тасдах, нэг нь амиа тасдуулсан зэрэг үйл дахиж битгий үйлдээсэй гэсэн үүднээс нөгөө амьтнаа сайн төрөлд одох болтугай, сайн заяаны амьтан болж төрөх болтугай гэж ерөөж тэр амьтнаас гарсан өөх, тосыг зулын тос болгон өргөж, тухайн амьтан болон бусад олон амьтанд зориулдаг ийм сайхан уламжлал тогтсон. Энэ уламжлалт зан үйлийг энэ өдөр мөн хийдэг. Түүний дээр бид мах иднэ гэдэг маань амьтны амийг таслаж буй хэрэг, гэтэл номонд номлосноор түүний үрээр буюу амьтны амь таслаач, хилэнц хурааж буй бодьгалын насанд сэв тотгор суудаг гэж үздэг. Тэр насны сэвийг юугаар арилгадаг вэ гэвэл насны авшиг хүртэх номын талаас нь хүртдэг ёс бий.
Нас уртасгасны үрээр юу хийх вэ гэвэл. Хүн урт настай байж буян гэдэг зүйлийг хийдэг, басхүү хийж амждаг гэж ярьдаг. Ер нь аливаа буяныг үйлдэхэд цаг хугацаа их ордог. Нас гэдэг бол цаг хугацааны тодорхойлолт. Хүнд цаг хугацаа байж гэмээ нь санасан үйл сэтгэлчлэн бүтэх нөхцөл бүрдэх учиртай. Тэр нөхцлийг бидэнд нас гэдэг зүйл хайрладаг учраас нас уртасгах зан үйлийг үйлддэг юм. Ийнхүү Монголын Сүсэгтний холбооны зүгээс “Монголын ард түмний төлөө өөрийн зүгээс насны авшиг хайрлаж өгөөч” гэж хүсэлтийг Тэргүүн их хамба ламд айлтгал өргөсөн юм байна билээ. Түүнийг нь хамба лам болгоож зөвшөөл тавьсан юм билээ.
Ингээд Монгол хэлээр, Монгол лам насны авшиг хайрлах онцгой сайхан үйл ажиллагаа болох юм байна. Ер нь бид Зулын 25-ны өдөр гэрт, гадаагүй зул өргөдөг сайхан уламжлалтай. Гадаа бол тусгайлан буюу зарим хүмүүс ногоо, төмс зэргээр зулын цөгц хийж зул өргөдөг. Зарим нь гурил элдэж зуураад түүнийгээ зулын цөгц болгож одод түгсэн хойно гадаанаа зул өргөдөг ёсон бий. Иймээс энэ сарыг Зулын буюу Зул сар хэмээн нэрийдэх нь байдаг. Ийм сайхан үйл ажиллагаа болно. Гол нь үүний үрээр бид юу хийх ёстой вэ? Сүүлийн 25 жилийн турш Гандан хийдээс уламжлал болгон жил бүр дүйчэн өдрийн арга хэмжээг зохион байгуулж байна. Заримд нь заал, танхим хэрэг болдог. Заал танхим гэдэг өөрийн гэсэн суудал, багтаамж, хүн орох хэмжээ хязгаар гэж байгаа. Түүнийг зохицуулах, эмх замбараатай байлгахын үүднээс тасалбар түгээж, тасалбарын дагуу хүмүүс маань суудал эзлэх шаардлага ч гардаг.
Зарим тохиолдолд нийгмийн сайн сайхны төлөө зориулахын тухайд хандив хөрөнгө бий болгохын тухайтад үйл ажиллагааны тасалбарыг тодорхой үнэлгээгээр үнэлдэг. Тийнхүү үйл ажиллагааны хандиваар цугласан мөнгө чухал зүйлд зарцуулдаг. Жишээ нь бид өмнө нь ДОХ өвчнөөр нэрвэгдэн шаналж байгаа хүмүүст туслахаар хандив өргөж байсан. Мөн IX Богд багшийг амьд сэрүүн заларч байх үед “Хавдрын эсрэг хамтдаа” уриан дор цусны хорт хавдартай, Эх нялхасын эмнэлэгт олон сараар удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн эмчилгээ, хэрэгцээт тоног төхөөрөмжид хандив болгон өргөж байсан. Мөн Хавдар Судлалын Үндэсний Төв, Хөнгөвчлөх тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүст шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авахад нь хандив болгож тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг өргөж байсан.
Энэ мэтчилэнгээр бидний үйл ажиллагааны цаана цэвэр хүмүүнлэгийн үндсэн зорилго байдаг. Бурханы шашны үндсэн зорилго ч алив сайхныг бусдад хайрлах тэр л үйлийг хийж байх хэрэгтэй гэсэн зарчимтай буй тул, тэр дагуу бид үйлдэж ирсэн. Энэ жилийн тухайтад Зулын 25-ны өдрийн үйл ажиллагааны хүрээнд нийгэмд хандсан хүмүүнлэгийн үйлийг хийх бөгөөд одоогийн байдлаар цусны хорт хавдартай хүүхдүүд эмчлүүлдэг манай Ажиа гэгээнтэний бүтээн байгуулж, төр засагтаа хүлээлгэн өгсөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн эмчилгээний зардалд хандив өргөх хүсэлтээ тухайн эмнэлэгийн удирдлагуудад гаргаж, тэдэнтэй ерөнхий тохиролцоонд хүрсэн тул энэ чиглэлд ажиллах үндсэн зорилготой байгаа. Бид нийгмийн сайн сайхны төлөө л үйл ажиллагаагаа явуулдаг. Нийгмийн сайн сайхан гэж байгаа нь юу юм бэ гэхээр, мэдээж хэрэг хүний бүх хэрэгцээг хангана гэдэг бол эд материалын талаас нь авч үзвэл боломж тун хомс шүү дээ. Хүн бүхэн ядуу байна гэж хүнд юм өгөх, хоолгүй байна гэхчилэнгээр бүх хүнд хоол өгнө гэвэл түүний боломж нь бага юм. Гэхдээ аль чадахаараа өгдөг хэдий ч, Бурхны шашинд сэтгэл засамжлах номын өглөгийг чухалчлан ач холбогдол өгдөг.
Бусад өглөгийг хүн чадах учир аль чадахаараа хийж бай гэж номлодог. Номын өглөг амаргүй тул лам хувраг хүн хамгийн түрүүнд хийж бай гэж айлддаг. Иймд номын өглөгийн талыг түлхүү хийх үүднээс хүн гэдэг нь нийгмийн эд эс учир, цаанаа хүний сэтгэл засрах юм бол нэг эд эс зөв байж нэжгээд эд эс зөв байх суурь болж, түүнийг дагасан нийгмийн зөв байдал үүсч, нийгэм эрүүлжих үндэс тавигдана гэж үздэг. Үүгээрээ нийгмийн сайн сайхны төлөө гэж хэлж байгаа маань үндэс гаргалгаатай болж байгаа болно. Номоор дамжуулж гол нь хүний сэтгэлийг засамжлах нь нэн чухал. Өнөөдөр нийгэмд гарч байгаа бухимдал ний нуугүй хэлэхэд зарим тохиолдолд маш хурц хэлбэрээр илэрч байна. Ийм явдал олон байх нь нийгэмд төдийлэн таатай бус. Хүмүүс өөрсдөө өөрийн зүгээс тэвчээртэй юмыг болно гэж итгэн, ирээдүйг харсан өөдрөг сэтгэлтэй байх юм бол нийгэмд учрах аливаа бэрхшээлийг ажралгүй даван туулах давуу талтай. Түүнээс биш бухимдал илэрсэн гэдгээрээ түрий барьж, нийгэмд элдэв сөрөг нөлөө үүсгэх нь зохимжгүй юм. Бурханы шашны өөрийн чин зорилго нийгмийг засамжлахын тухайд тул бидний энэхүү үйл ажиллагаа нийгмийн сайн сайхны тухайд юм гэж хэлэх бүрэн үндэслэлтэй.
Уг үйл ажиллагаанд очсон хүмүүс Монгол ламаас, Монгол хэлээр насны авшгийн тухай айлдвар сургаалийг сонсоно гэдэг нэн сайхан буян болох байх гэж санаж байна. Түүний хажуугаар Богд ламын их дүйчэнг тохиолдуулан Бурхан багшийн ринсрэл (Бурхан багшийн лагшингаас гарсан эрдэнэ)-ийг залж, тэнд хүрэлцэн ирсэн сүсэгтэн олныг мөргүүлэх юм.
Энэхүү сайхан дээдийн номын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа байгууллагуудыг дурьдвал: Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд, Монголын Сүсэгтний Холбоо , Ерөнхий ивээн тэтгэгчээр: Монголын Төмөр Зам, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр: МҮОНТелевиз, мөн “Лавайн эгшиг” радио, “Билгийн мэлмий” сонин, сэтгүүл хамтран 12-р сарын 6-ны өдөр зохион байгуулахаар ажиллаж байна. Мөн Монголын Бурханы шашны үйл ажиллагааг олон түмэндээ түгээхэд чин сэтгэл, зүтгэлээр ажиллаж буй олон төрийн бус байгууллагууд оролцож байна. Энэ олон байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэгтэйгээр уг үйл ажиллагаа маань сайхан болно гэдэгт найдаж байна. Амралтын өдөр буюу Ням гарагт тохиож буй учраас цаг заваа тохируулан насны авшиг хүртээх номын их хуримд хүрэлцэн ирээрэй гэж та бүхэндээ заллага айлтгая. Тодорхой хэмжээний өртөгтэй тул, тасалбар түгээх ёстой байгаа. Тасалбарыг МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Ном айлтгалын газар болон Лам нарын байранд байрлах Монголын Сүсэгтний холбооны өрөө, Шашны эд зүйлсийн дэлгүүрүүдэд түгээж эхлэсэн байгаа.
Та бүхэн өөрсдийн болон олон амьтны тусын тулд энэхүү дээдийн номын их хуримд хүрэлцэн ирж оролцоорой хэмээн урих байна.
-Хамба лам гуай маань насны авшиг хүртээж, дээдийн ном тавих юм байна. Түүнээс гадна МБШТөв Гандантэгчэнлин хийдийн ямар лам хувраг, дээдэс багш нар ямар айлдварыг энэ өдөр сүсэгтэн олонд зориулж айлдах бол?
-Ер нь Бурхан багшийн дүйчэн болон бусад дүйчэн өдрүүдэд сожин авах гэж нэг том зан үйл бий. Энэ нь нэг өдрийн бацаг санваар авах зан үйл юм. МБШТөв Гандантэгчэнлин хийддээ Зулын 25-ны өдөр жил бүр Богд ламын чога хурж, Сандуй тахидаг.
Мөн Гандантэгчэнлин хийд жилдээ 3 удаа томоохон мандал өргөдөг уламжлалтай. Үүний нэг нь Зулын 25-ны үдэш буюу ихэвчлэн оройн 6-7 цагийн үед, хоёр талын дуганд хурдаг хурлууд болох Гандан дуганы Богд ламын чого, Цогчэн дуганы Сандуй хурж гадаалсаны дараа бүх лам нар гарч ирэн Очирдарь бурханыхаа өмнө Монголынхоо нийт ард түмний сайн сайхныг даатган мандал өргөдөг. Мандал өргөхийн тухайд гэвэл жил бүрийн 1-р сарын 1-ны өдөр Энхтайвны мандал, Зулын 25-ны өдөр буюу Богд ламын дүйчэн өдөр Очирдарьд өргөх мандал, Цагаан сарын шинийн 1-ний өглөө золгохын өмнө зэрэг 3 том мандлыг жилдээ өргөдөг.
Одоо 12-р сарын 6-ны өдөр Зул сарын буюу Богд Зонхавын мандал тохионо. Монгол өөрөө Бурханы шашинтай орон, түүнийг дагасан шашны зан үйлүүд аль ч нутагт ижилхэн байдаг. Баруун хязгаар, төв хэсэг, зүүн хязгаарын алинд ч бурханы шашны зан үйл ив ижилхэн байдаг тул тэдгээр газруудад Богд ламын хурлыг хурна. Тэгэхээр сүсэгтэн олон өөр өөрсдийн амьдран суугаа газрын шүтээн болсон сүм хийддээ очиж буянаа хурааж, зул хүжээ өргөж, тэр сайхан зан үйлээ үйлдээрэй гэж уриалах байна.
Энэ үйл ажиллагаа маань нийгмийг сайн сайхан байлгахын тухайтад “Сэтгэлийн ариуслаас нийгмийн хөгжил хамаарна” уриан дор зохион байгуулагдаж байна. Ер нь нийгэм бүхэлдээ болж байна, болохгүй байна гэж ярьсаар буй хэдий ч, үнэндээ сэтгэлийн ариусал гэгээрлийг орхичихоод байна. Хөгжил гэхээр гадны эд юмс, барьж болох зүйл, гар утас, унасан унаа, суух сууцандаа л анхаарахаас бус, хувь хүний сэтгэл гэгээрэл зэрэг ямар хэрэгтэй гэдгийг төдийлөн сэхээрч чадахгүй байх шиг байна даа. Хэдий чинээ нийгэм маань гэгээрлээс холдоно, төдий чинээ харанхуй бүдүүлэг, бусармаг үйлдлүүд ихээхэн гарч энэ нь гайхах зүйл биш болсон байна. Иймээс хувь хүнд гэгээрэл гэдэг зүйл зайлшгүй хэрэгтэй байна. Өмнө нь гэгээрлийг төдийлөн ярьдаггүй, тэр тусмаа сэтгэлийн гэгээрлийг ярьдаггүй байсан Америк, Европ өнөөдөр сэтгэл гэдгийг ойшоон үзэж байна.
Сэтгэл гэдэг чухал, хэдийгээр биегүй учир энэ гээд заачих зүйл байхгүй ч гэлээ хүн сэтгэлийн амьтан юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөх болжээ. Энэ бол Бурханы шашны ач тус юм. Ийм учраас Монголчууд бидэнд сэтгэл гэдэг энэ зүйл ихээхэн сонирхолтой, өвөрмөц талбар байдаг. Сэтгэлийг судлан шинжилсэн хүний зөв амьдралын үндэс тавигддаг гэдгийг Бурханы шашны тусламжтайгаар аль эртнээс нээсэн. Сэтгэлийг засаж сайн явдалд дадуулах зэрэгтээ бол үнэхээр авъяастай ард түмэн шүү дээ. Хувь хүн нь нийгмийн бүрдэл учир хувь хүний хөгжил маш чухал, сэтгэлээ зассан хүн нийгмийг удирдана гэдэг маань эргээд тухайн нийгэм өөрөө эрүүл байх үндсийг тавих тустай. Цаашлаад ямар ч түвшинд эм мэт, хоол хүнс мэт хэрэгтэй зүйл болно.
Бид сэтгэлийн ариуслаа чухалчилж байж, цаашдын нийгмийн хөгжлийг авчрахаар зорьж яваагаас бус, бүгдийг нь лам болгоё, бүгдийг нь эрхи барьж, нүдээ анин залбирсан хүн болгоё гэдэггүйг ойлгох хэрэгтэй. Сэтгэл оюунаа ариусгаж сайн үйлийг эрхэмлэдэг хүн бол нийгэмдээ ч, гэр бүлдээ ч тустай. Амгалан байна гэдэг нь сэтгэл амгалан байхыг л хэлнэ. Түүнээс биш, хаа нэг хаалганы нүх, цонхны завсраар жавар орж ирэхэд тэр гэрт жавартай, жаахан жихүүн санагдах нь хэдий ч, нүх сиймхийг хаах төдийд л дулаан болох буюу, эсвэл өчүүхэн жихүүн нь төдийлөн тавгүй оргиулахгүй. Харин сэтгэл тавгүй байна гэдэг бол хэцүү шүү дээ. Гэр бүлийн хоёр, өөр өөр тийшээ хараад суучихаад, яриа хөөрөө ч эв түнжингүй байх зэрэг нь сэтгэлд очиж тулдаг учраас, сэтгэлийн ариуслыг чухалчлаасай . Сэтгэл ариусал гэдэг Монгол хүн бүхэнд байгаасай гэдэгт энэ үйл ажиллагаа чиглэж буй.
Эцэст нь яриагаа нэгтгэн базаж хэлбэл жил болгон дээдийн номын үйл ажиллагааг явуулдаг ч, энэ удаагийн үйл ажиллагаа маань нилээд онцлогтой болох гэж байна. Тухайлбал: Тэргүүн .их хамба лам насны авшиг хайрлана. Энэ үйл ажиллагаа маань нийгэмд чиглэж “Сэтгэлийн ариуслаас, нийгмийн хөгжил” гэсэн уриан дор зохион байгуулагдана. Олон хүмүүсийн сэтгэл зүтгэл нийлсэн их дэмээр, бидний дунд зовж байгаа хэцүү бэрх өвчинд нэрвэгдсэн хүмүүст сэтгэлийн дэм хайрлаж тодорхой хувь нэмрээ оруулж буянаа хураах сайхан арга хэмжээ болно.
-МБШТөв Гандантэгчэнлин хийд, мөн Монголын Сүсэгтний холбоо тэргүүтэй төрийн бус байгууллагууд хамтран, энэ өдөр сайхан арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм байна. Энд, сүсэгтэн олон, сонсогч түмэн маань , ямар сэтгэлийг үүсгэж, бүхэл өдрийн туршид ямар сэтгэлтэйгээр энэ үйл ажиллагаанд оролцох вэ, ямар байх ёстой вэ? Ер нь энэ өдөр зул өргөх, маань тэргүүтэй тарнийг урин уншихын тус эрдэм нь юу юм бол? Та энэ талаар товчхон хэлнэ үү?
-Алив буяныг үйлдэхдээ эхлээд сэтгэлээ засамжлах нь маш чухал гэж номлодог. Одоо бид аливаа үйлийг амьдрахын эрхэнд үйлдэж байна. Амьдрахын эрхэнд зарим хүнтэй ам зөрдөг, заримыг нь баярлуулчихдаг. Өөрийн төлөө, өрөөлийн төлөө гээд голдуу өрөөлийн гэж ижий аав, үр хүүхэд, хань ижлийнхээ төлөө хийсэн үйл байдаг. Гэтэл үнэндээ номтой сэтгэл буюу миний хийж буй үйл маань амьтанд тустай байгаасай гэсэн сэтгэл бидэнд байхгүй бол тэр нь өөрөө гэм хураах магадлал өндөртэй байдаг. Сэтгэл засна гэж юу вэ гэхээр Зулын 25-ны өглөө хүмүүс ирээд миний хийж буй үйлдэл маань амьтанд тус болох болтугай. Эс бөгөөс хорлол бүү болоосой хэмээн бодох явдал юм. Энэ л сэтгэлийн гол засамжлал шүү дээ. Үүнээс хойш гарч байгаа үйлдлүүд хамаарна.
Та хүнд сайхан инээмсэглэл бэлэглэх, машин барьж яваад зам тавиад өгөх зэрэг хийж байгаа бүх үйлдлүүд маань буяны зүгт чиглэж, дээр нь сонсч буй бүх ном буяны зүгт явах хэрэгтэй. Тэрнээс биш урт насны хүчээр би албан тушаалд удаан суух нь , нэг бол ийм тийм ашигтай зүйл нь хийх нь гэхчилэн арай өөр бусармаг зүйлүүдийг санаж байгаа бол энэ нь сэтгэл засамжлал биш юм. Урт насална удаан жаргана гэдэг маань нэр алдрын тухайд биш, ашиг хонжооны тухайд биш юм. “Ертөнцийн найман ном” гэж нэрийддэг буруу амжиргааны тухайд биш учраас, түүнийг хориглон, буцаасан сэдэл үйлээр сэтгэл, үйлдлээ эзлүүлэх учиртай. Чухам ийм сэтгэлийг дотроо үүсгэж байвал, сэтгэл засагдаж байгаа нь тэр. Өглөө босохдоо ч ийм сэтгэлээр боссон байна, өдрийн үйлүүдээ ч тэр, зул өргөсөн ч би буяны тулд, хамаг амьтны тусын тулд энэ зулыг өргөж байна гэж өргөөрэй.
Зулын гол билэгдэл нь гэрэл гэдэг бөгөөд харанхуйг гийгүүлдэг ид шид байдаг лугаа адил, бидний мунхаг оюун ухааныг зул мэт бадамласан оюун ухаан гэрэлтүүлэн гийх болтугай гэсэн ерөөлийг тавих хэрэгтэй. Тэгээд энэ гэрэлт оюун ухаан ганцхан надад бус, амьтан бүхэнд гийх болтугай хэмээн бодож зулаа өргөхөд их буян болж хувирах жишээтэй. Тэр мэтчилэнгээр маани, мигзэм тоолж , сүм хийдээ гороолж, тухайн өдөр ном айлтгуулах зэрэг бие, хэл, сэтгэлээ буяны зүгт хандуулах хэрэгтэй. Бид олон өдөр ингэж чаддаггүй. Гэхдээ энэ өдөр Зулын 25-ны өдөр шүү дээ гэж санаж байгаад буян үйлдвэл тэр өдрийн жинлав оршиж, хийж зорьсон үйл нь их тул лавтайяа их буян хураах үндэс гарна хэмээн санаж байна.
Ингээд бидний урилгыг хүлээн авч, уншигч олонд сайхан мэдээлэл өгсөн танд баярлалаа. Таны номын цагаан буян дэлгэрэх болтугай.
Сэтгэгдэл (3)