Дуучин Рэнди Блайт монгол хэл сурч байна

Америкийн “LAMB OF GOD” хэмээх хүнд метал рок хамтлагийн дуучин Рэнди Блайт шоронд монгол хэл сурч байгаа гэнэ. Учир нь түүнтэй хамт Монгол хүн хоригдож байгаа төдийгүй төрөлх хэлээ зааж өгч байгаа аж. Рэнди Блайтыг 2010 онд Чехийн Праг хотод болсон тус хамтлагийн тоглолтын үеэр нэгэн үзэгчийг тайзнаас түлхэн унагасан хэрэгт буруутган өнгөрсөн зургадугаар сарын 27-нд баривчилжээ. Тайзнаас унасан хүн нь тархиндаа хүнд гэмтэл авч, 14 хоногийн дараа нас барсан тул Рэнди Блайтыг түүний үхэлд буруутгаж байгаа юм байна. Харин тоглолтоос болж хүн амиа алдсаныг Рэнди саяхан мэдсэн бөгөөд энэ талаар юу ч сонсоогүй явжээ. Рэнди Блайт одоо Праг хотын Панкрац хэмээх шоронд хоригдож байгаа аж. Тэрбээр ийм зүйлд хутгалдсандаа одоо ч итгэж чадахгүй байгаа гэнэ. Хамтлагийн менежер түүнийг батлан даалтад гаргахаар дөрвөн сая чех крон буюу 200 мянган ам.долларын барьцаа төлсөн боловч батлан даалтын процесс нь АНУ-ынх шиг хурдан биш гэнэ. Хэрэв Прагийн шүүх түүнийг амиа алдсан эрийн үхэлд буруутай гэж үзвэл түүнд дээд тал нь 10 жил шоронд хорих ял оноох юм байна.
Д.Ундрах 24tsag.mn