
Ийм байр суурианаасаа болж 1996-2000 онд М.Энхсайханы, Ц.Элбэгдоржийн, Ж.Наранцацралтын, Р.Амаржаргалын гэсэн дөрвөн ч Засгийн газрын нүүрийг үзсэн юм. Өнөөдөр ч тэднийг тийм зам хүлээж байна гэж зарим хүн таамаглаж байна. Учир нь тэд Засгийн газраа хэнтэй хамтарч байгуулах, аль яамыг аль фракц нь авах, хэнийгээ сайд болгох дээр тохирч чадахгүй байгаа гэнэ.
Ардчилсан намын партизанууд МАХН-МҮАН-тай хамтрах сонирхолтой байгаа. Харин Алтангадас фракцийнхан МАН-ыг илүүд үзсэн гэнэ. Энэ байр сууринаас болж хоёр том бүлэглэл нь хоорондоо тохирч чадахгүй байгаа аж. Тэдний тэнцвэрт байдлыг Кроун, Шонхор, Нэг ардчилал, МҮДН, Зүүн хойд ази зэрэг жижиг бүлэглэлүүд нь аль талд орохоос ихээхэн шалтгаалах юм.
Мөн АН-ын гол фракциуд МоАХ буюу Х.Баттулгыг Засгийн газартаа оруулахгүй гэсэн бодлого баримталж эхэлсэн нь дайран дээр давс гэгч болоод байгаа сурагтай. Тэдний энэ шийдвэр мэдээж ерөнхий сайд болно гэсэн бодолтой яваа Х.Баттулгад таалагдахгүй нь ойлгомжтой. Тэр ямар ч хөзөр гаргаж, ямар ч нүүдэл хийж болно. Х.Баттулга энэ жил намаа Засгаас гаргахад хичээл зүтгэл гаргаснаас гадна Н.Алтанхуягийг хусах гэж их санаачилга тавьсан. Даанч Н.Алтанхуягийг чөлөөлж чадаагүй юм. Чадсан бол өнөөдөр ерөнхий сайд гээд л сууж байх байв

МҮДН буюу Н.Батбаярын бүлэглэл УИХ-ыг авна гэсэн сонирхолоо илэрхийлсэн байна. Зүүн хойд ази ч гэсэн ийм сонирхолтойгоо дуулгажээ. Харин МоАХ буюу Х.Баттулга Сангийн яамыг өгөхгүй бол тохироонд орохгүй гэжээ. Мэдээж Нэг ардчилал, Кроун, Шонхор гэсэн фракциуд бусаддаа зүгээр байж байгаад зөөлөн суудал өгчихгүй нь тодорхой. Энэ мэт сандал ширээн төлөө тэмцэл Засгийн газрыг байгуулахад нөлөөлөх нь тодорхой боллоо.
Бас хамтарсан намдаа ямар яамаа өгөх вэ гэдэг ч анхаарал татна. Энэ мэт олон асуудал АН-ыг фракциудаар нь талцуулж эхэллээ. Ерөнхийдөө АН МоАХ, Алтангадас гэсэн хоёр том фракцид хуваагдлаа. Тэдний хайныг жижигүүд нь хагалахаар боллоо. Ийнхүү Ардчилсан нам эв нэгдэлгүй, дотоод зөрчлөөсөө болж ихээхэн асуудалд орж мэдэхээр байна.
Т.Хас