Тосон Хулстайд 15 сүргийн 2800 орчим зээр бүртгэгджээ

Монгол дагуурын дархан цаазат газрынхан ОХУ-ын Даурын дархан газрын мэргэжилтнүүдтэй хамтран тус газрын орчны бүс болон Дорнодын Тосон хулстайн байгалийн нөөц газруудад цагаан зээрийн судалгааг өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 3 хүртэл явуулав. Тус судалгаагаар Тосон-Хулстайн байгалийн нөөц газарт 15 сүргийн 2800 орчим зээр буйг тоолж бүртгэсэн байна. Мөн Хөвсгөлийн Хатгал тосгоны иргэн С.Чулуунбаатар Алаг царын голын орчимд газар зөвшөөрөлгүй ашиглах гэж байхад нь байгаль хамгаалагч, улсын байцаагч нар сануулга, санамж, албан шаардлага зэргийг удаа дараа өгсөн боловч биелүүлээгүй байна. Тиймээс Монгол Улсын Газрын хуулийн дагуу 2.808.000 төгрөгийн торгууль ногдуулан тус газрыг чөлөөлүүлэхээр болжээ. Түүнчлэн Богд уулын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Ц.Пүрэвсүрэн, жолооч Ж.Баянжаргал, Баянлиг сумын байгаль хамгаалагч Ц.Бямбаахүү, Дамдинсүрэн нар гар аргаар алт олборлосноос сүйдсэн 7.5 га газарт техникийн нөхөн сэргээлт хийлгэжээ.
Д.Ундрах 24tsag.mn