
Өчигдөр өглөө гарсан энэ хэрэгт Денверийн их сургуулийн философийн ангийн оюутан байсан 24 настай Жеймс Холмсыг сэжиглэж байгаа. Үсээ улаанаар будсан сэжигтэн этгээд өөрийгөө цагдаа нарт “Жокер” гэж танилцуулсан гэнэ. Аврора хотын цагдаагийн дарга Дэн Оутесын хэлснээр амиа алдагсад бүгд буудуулсан байжээ. Өчигдөр орой кино театраас шүүх эмнэлэг рүү аваачсан хохирогчдын цогцсыг таних ажиллагаа эхэлжээ. Нэгэн гэрчийн мэдээлснээр гэмт этгээд хорт утааны баг зүүсэн байжээ. Хэрэг гарсан кино театрын ойролцоох таван барилгын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, кино театрын цогцолбор барилга руу хэнийг ч оруулалгүй Холбооны мөрдөх товчооны ажилтнуудыг дуудсан аж.
Цагдаа нарын мэдээлж буйгаар сэжигтэн этгээд хөлөөсөө толгой хүртэл хамгаалалтын хувцас өмссөн байсан бөгөөд хэргийн газраас AR-15, 12 калибрын буу, 40 ширхэг калибрын гар бууны сум олджээ. Аврора хотын цагдаагийн газар сэжигтэн этгээд сүүлийн хоёр сарын дотор зэвсгийн дэлгүүрээс дөрвөн буу худалдан авч, интернэт дэлгүүрүүдээс 6,000 гаруй сум худалдаж авсныг тогтоожээ. Мөрдөгчдийн мэдээлснээр сэжигтэн этгээд киноны тасалбар худалдан авч дотогш орсон байна. Киноны нээлтэд зориулж Бэтмений шүтэн бишрэгчид олноор цугласан бөгөөд тэдний дийлэнх нь Бэтмэний хувцас малгай өмссөн байжээ. Кино эхлэх үед гэмт этгээд арын хаалгаар гарч, буу зэвсгээ бэлтгээд орж ирсэн байв. Тэрбээр үзэгчдийг буугаар шүршин танхимын шатаар тайван алхаж байжээ. Цочирдолд орсон үзэгчид сэхээ авч, халдлагын талаар утсаар мэдээлэх хүртэл “Жокер” долоон минутын турш буугаар шүршжээ. Шархадсан олон хүний дунд дөрвөн сартай нялх хүүхэд хүртэл байгаа гэнэ. Сэжигтнийг шүүх хурал ирэх даваа гаригт Колорадо мужийн шүүхэд болохоор төлөвлөсөн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, төрийн далбааг хагас гудайлгах шийдвэр гаргажээ. Амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэж өнгөрсөн шөнө Аврора хотынхон лаа асааж эмгэнэн гашуудсан байна.


