Наадмын дараа намар болж, сайдын суудал, сонгуулийн бялуу хуваалт өнгөрч буй долоо хоногт улс төрийн халуун тогооны температурыг нэмлээ. АН дангаараа Засгийн газраа бүрдүүлж чадахгүй, "Шударга ё"с эвсэл, ИЗНН намтай эвсэх болсон тул олон тохироо, наймаа хийх шаардлагатай болсон. Наймаа ч явагдаж байна, үүний цаана гомдогсод ч олширч байна.
Азтан: Сонгогчид ч тэр, улс төрчид ч тэр энэ долоо хоногт МАХН-МҮАН-ы “Шударга ёс” эвслийг азтанаар тодруулж байна. УИХ-д 11 суудлыг эрхтэй болсон эвслийнхэн Засгийн газарт орох нь тодорхой болж АН-тай гэрээ байгууллаа. “Шударга ёс” эвсэлд ямар яамдыг өгөх нь тодорхойгүй байгаа ч хамгийн багадаа дөрвөн сайдтай болохоор яригдаж байна. Тэд хамгийн анх дөрвөн яам гэж тохиролцсон ч барьцаа ахиулж зургаа болно гэж зүтгэсэн нь хэлэлцээрт бага зэрэг гацаа үүсгэсэн. Гэлээ ч Засгийн газрыг яаралтай байгуулах шаардлага, аль алинд нь ашигтай нөхцөл тэднийг бие биедээ буулт хийхэд хүргэв.
Хагарал: МАН-ын гишүүд сонгуульд ялагдсан хариуцлага нэхэж, дарга нараа өөрчлөлт хийхийг шаардаж эхэллээ. Дархан-Уул аймагт өрсөлдсөн ч ялалт байгуулж чадаагүй УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар болон зарим залуу гишүүд намын “луухгар”-уудаа хариуцлагаа хүлээж, огцрохыг шаардав. Үүнээс өмнө тус намын дарга С.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар ажлаас гарах өргөдлөө өгсөн. Тиймээс ирэх долоо хоногийн мягмар гарагт хуралдах МАН-ын Бага хурлаар намын дарга, генсек гээд олон шинэ томилгоо хийгдэнэ. МАН-ын даргын орон тоонд Ө.Энхтүвшингээс өөр тавих хүн байхгүй гэж дэмжигчид байгаа бол одоо залуу, шинэ хүнээр удирдуулах цаг болсон гэх нэг хэсэг бас нам дотор байгаа аж.
Онцлох хүн: Энэ долоо хоногийн онцлох хүнээр АН-аас нэр дэвшсэн шинэхэн гишүүн Л.Эрдэнчимэгийг нэрлэж байна. Учир нь “Монос” компаний захирал тэрбээр УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийг даргалах болсон юм. АН, ИЗНН, МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл гэсэн дөрвөн нам, эвслийн төлөөлөл энэ бүлэгт багтсан тул жил бүр ээлжилж даргалахаар тохирчээ. Энэ удаад АН-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ийнхүү сонгогдлоо.
Онцлох үг: С.Баярцогт “МАН-аас асуух шаардлагагүй”. Баасан гарагт болох УИХ-ын чуулганд МАН-ын гишүүд ирээгүй. Тэд УИХ-ын даргыг сонгохдоо бидэнтэй зөвшилцөх ёстой гэж тунив. Харин АН-ынхан заавал ширээний ард сууж хэлэлцэнэ гэсэн хууль байхгүй. Бичиг өгөхөд хангалттай хэмээсэн. Энэ мэтээр мэтгэлцэж байх зуур УИХ-ын гишүүн С.Баярцогт “МАН-аас заавал асуух шаардлагагүй” гэж мэдэгдсэн нь МАН-ын бүлгийн гишүүдийг гомдоож орхисон бололтой. Тэд ч яаралтай бүлгийн хурал хийсэн ч ямар шийд гаргаснаа сэтгүүлчдэд дэлгэсэнгүй. Мөн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл МАН-ынхан байхгүй тул чуулган хуралдах боломжгүй гэсэн Д.Дэмбэрэл гишүүнийг ширүүн шүүмжлэв. Тэрбээр “Анхдугаар чуулган хамгийн ахмад хүнээс болж гацах магадлалтай байгаа. МАН-ыг буруутгахгүй. Ман бүлгээ үүсгээгүй, хуулийн дагуу завсарлага аваагүй байгаа ч анхдугаар чуулган хамгийн ахмад гишүүн Д.Дэмбэрэл гэдэг хүнээс болж гацаж байна. Ахмад хүний үлгэр дууриалал хэрэгтэй учраас хуулинд ахмад хүн даргална гэж оруулсан. Д.Дэмбэрэл хамгийн ахмад гишүүний ноён нуруугаар чуулганыг удирдах хэрэгтэй” гэсэн юм.
Онцлох онигоо: УИХ-ын Тамгын газар шинэ гишүүдээ саарал ордонд төвхнүүлэх хүндхэн ажилтай долоо хоногийг үдлээ. Зарим гишүүд өрөөгөө голсон бол Ц.Нямдорж гишүүн өрөөгөө суллахгүй гэж гүрийжээ. Мөн хуучин гишүүд улсын төсвөөс гаргаж өгсөн Ipad-ийг нэг нь ч эргүүлж өгөөгүй гэж Тамгын газрынхан гомдонгуй ярьж суув. Сарын орлого нь хэдэн саяар хэмжигддэг гишүүд ганц Ipad голруулах гэж оролдож буй тухай онигоо одоохондоо зохиогдоогүй байна. Гэхдээ тун удахгүй нэр устайгаа амнаас ам дамжиж эхлэх биз.

Т.Гэрэл