
Эргэн санавал, Н.Энхбаярыг хууль бусаар баривчиллаа гэж шуугиж байх үед ерөнхийлөгч “Төрд байхдаа ард түмэнд хайртай байгаагүй хүн гадна нь гараад ард түмнээ хайрлаж чадахгүй. Төрд байхдаа авлигыг цэцэглүүлсэн хүн эргэж ирээд үүнийгээ үзэн ядаж, зогсооно гэж байхгүй” гэж мэдэгдэж байсан. Мөн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Энхбаярын бие өлсгөлөн зарлаад бие нь муу байгаад санаа зовон ерөнхийлөгч рүү утас цохисон билээ. Харин хариуд нь “Хуулийн байгууллага 10 удаа дуудаад ирээгүй хүн” гэж хатуухан хариу сонсгосон. Энэ мэт “Ц.Элбэгдорж VS Н.Энхбаяр” гэсэн үйл явдал сонгуулийн өмнө өндөр градустай өрнөж байсныг иргэд мартаагүй. Тиймдээ ч Н.Энхбаярынхан ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржийг дэмжих болсонд гайхшаа барж буй юм. Харин үүний цаана нөгөө л “мөнхийн дайсан гэж байдаггүй, харин мөнхийн эрх ашиг байдаг” гэх үг цухалзаж байгаа хэрэг.
Шударга ёс эвслийнхэн хамтарсан Засгийн газарт орлоо, ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын хүнийг дэмжихээр боллоо. Тэгвэл үүний хариуд “Шударга ёс” эвслийнхэн ямар хариу авч байгаа бол гэдэгт олон хүн дүгнэлт хийж эхэлжээ. Зарим эх сурвалжууд ч дээрх тохирооны талаар ам нээж эхлээд буй. Тэгвэл олон сар үргэлжилж, олон ч удаа хойшлогдоод байгаа Н.Энхбаярын шүүх хурал үүний хариу “бэлэг” болох гэнэ. Хариу бэлэг нь Н.Энхбаярт ял өгөхгүй гэсэн тохироо гэв.
Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар МАХН-ын дарга Н.Энхбаярт ял өгөлгүй шүүх хурлыг орон нутгийн сонгууль хүртэл ямар нэгэн аргаар хойшлуулсаар байх эхний тохироо хийгдэж байгаа аж. Өмнө нь яаж ч байсан шүүх хурлыг хийнэ гэж зүтгэдэг байсан шүүхийнхэн сүүлийн үед илт зөөлөрч өмгөөлөгчөө байн байн сольж, хурлыг хойшлуулах Н.Энхбаярын хүсэлтийг хүлээж авах болсон.
Хэрэв АН, МАХН доторхи эх сурвалжуудын хэлснээр үйл явдал өрнөвөл Н.Энхбаяр ял авалгүй амар сайхандаа жаргаж, Ц.Элбэгдорж дахин ерөнхийлөгчийн суудалдаа заларч энэ концерт дуусах нь ээ. Төрийн гурван өндөрлөг байж, улсыг удирдаж байсан Н.Энхбаярын хувьд ёстой л “чадаж байгаа юманд арга байхгүй” гэгч болох дүр зураг харагдаж эхлээд байна. Гэхдээ энэ бүх төлөвлөгөө биелэх эсэхийг цаг хугацаа, бас тэдний наймаанаасаа буцахгүй байхаас шалтаална.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (1)