Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд өчигдөр мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэсэн хэрэгт буруутгагдаад буй Б.Одбаяр, Э.Золбоо, О.Мөнхбат нарт холбогдох шүүх хурал боллоо.

Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд өчигдөр мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэсэн хэрэгт буруутгагдаад буй Б.Одбаяр, Э.Золбоо, О.Мөнхбат нарт холбогдох шүүх хурал боллоо. Хурал дөрвөн цаг үргэлжилсэний эцэст шүүх бүрэлдэхүүн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав. Хуралд даргалагч шүүгчээр Ч.Хосбаяр, Ш.Төгсгэрэл, М.Алдар, өмгөөлөгчөөр Ж.Энхтуяа, С.Жанцан, Р.Отгонцэцэг, Б.Манлайжав, улсын яллагчаар Н.Отгонцэцэг нар оролцов. Тэднийг Эрүүгийн хуулийн 192.3.4-д зааснаар давтан, 192.3.5-д зааснаар урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн хэмээн буруутгаж байгаа юм. Хэрвээ гэм буруутай нь нотлогдвол 10-15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх аж.
Хэргийг сануулбал, шүүгдэгч Б.Одбаяр нь одоогоос хоёр жилийн өмнө Энхболд гэх залуугийн хамтаар БНХАУ-д амьдарч, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн монгол залуусыг өндөр цалинтай ажилд оруулж өгнө гэж элсүүлдэг Хулан, Халиунаа нарын бүлэглэлд элсэн, улмаар Зүүн өмнөд Азийн “Алтан гурвалжин” гэх хар тамхины бүлэгт багтсан байна. Дараа нь Э.Золбоо, О.Мөнхбат нар нь Хулан, Халиунаа нарын бүлэглэлд багтжээ. Гэвч БНХАУ-ын хууль хяналтынхан хар тамхи зөөвөрлөснийг нь илрүүлсэн учир эрх орондоо зугтан ирсэн байна. БНХАУ-ын талаас Б.Одбаяр, О.Мөнхбат, Э.Золбоо нарыг шилжүүлэн өгөх хүсэлт манай талд тавьж байсан ч манай улсаас тэднийг шилжүүлэхгүй, эх орондоо шалгахаар болж, УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж эхэлсэн юм байна. Одоогоор УМБГ-т Хулан Халиунаа нарын бүлэглэлд элсэж, хар тамхи зөөсөн болон тээвэрлэхийг завдсан 20 гаруй сэжигтэн, яллагдагч байгаа аж.
Б.Чимэг