
ДОХ-оос урьдчилан сэргийлэх болон хамгаалах, энэ тухай олон асуудлыг хэлэлцэх чуулга уулзалт өчигдөр Вашингтонд болсон юм. Чуулгантай давхцан Хүний Дархлал Хомсдлын Вирусын халдвар авсан иргэд хотын төвд жагсаал хийсэн байна. Тэд эрх баригчид, олон нийтийн байгууллагууд халдварын эсрэг анхаарлаа хандуулан эрчимтэй тэмцэхийг уриалжээ.
ДОХ-ын ОУ-ын нийгэмлэгийн ерөнхийлөгч Доктор Элли Катабира хэлэхдээ “Энэ бол эрх баригчид, удирдагчид нэн ялангуяа ХДХВ-ээр өвчлөгсөд газар авсан улс орнуудад Дох-ын вирусээс урьдчилан сэргийлж, тэр талын ажлыг дэмжихийг уриалсан уриалгa юм” гэв.
АНУ нь 1990 онд ХДХВ-ээр өвчилсөн иргэдийг хил давахыг хориглоод байсан бол 2010 онд ерөнхийлөгч Барак Обама уг хоригийг цуцалсан билээ. 20,000 гаруй төлөөлөгч оролцсон чуулга уулзалтанд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн өөрийн биеэр ирж оролцож чадаагүй ч зурвас илгээсэн байна.
НҮБ-ын тэргүүн Бан Ги Мүн хэлэхдээ “Би та бүхнийг дэмжих болно. ХДХВ-ийн халдвар тээсэн иргэдэд санаа тавих, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчилгээний тал дээр үргэлжлүүлэн анхаарлаа хандуулж ажиллана. Тэр дундаа өвчлөгсдийг амьд авч үлдэх эм бэлдмэл үйлдвэрлэж, түгээхийг эрмэлзэж байна” хэмээжээ.
Өнөөдөр дэлхий дээр 34,2 сая хүн ХДХВ-ын халдвар тээн амьдарч байна. Тэдний дийлэнх нь Африкийн оршин суугчид байгаа юм. АНУ Африкийн дараа бичигдэх бөгөөд жилд 50,000 гаруй хүн шинээр халдвар тээгч болж байна. Америкт 1,2 сая ХДХВ-ын тээгч байна гэсэн судалгааны дүн гарчээ.
Э. Мөнх