
Чуулганыг даргалагч Д.Дэмбэрэл ирэхгүй байгаагаас хурал эхлэх боломжгүй, МАН-аас бусад нам, эвслийн гишүүд танхимд хүлээсээр байна. Харин Д.Дэмбэрэл гишүүн АН-ын дарга Н.Алтанхуягийг өрөөндөө ирэхийг хүсчээ. Үүнд АН-ын зарим гишүүд дургүйцэв. Тухайлбал УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг “УИХ-ын даргад нэр дэвшигчийг цөөнхийн бүлэг дуудаж тодорхой болзол тохирно гэдэг буруу. Хуучин УИХ-ын дарга байсан шигээ санах нь буруу. Дараагийн ахмад настай гишүүн Л.Цогоор хурлыг даргалуулъя” гэв. Харин “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Д.Тэрбишдагва “Д.Дэмбэрэл гишүүн өнгөрсөн долоо хоногт уулзахад даваа гарагт ажлыг ямар ч саадгүй явуулна гэж байсан. Гэсэн ч одоо хэдэн хоног гацчихлаа. Гэхдээ Н.Алтанхуяг даргыг дуудаж байна гэж ойлгохгүйгээр очиж уулзах нь зөв байх. Насыг нь хүндлээд Н.Алтанхуяг дарга 10 минут уулзаад ажлаа цааш нь явуулъя” гэв. Үүнийг АН-ын дарга Н.Алтанхуяг зөвшөөрч Д.Дэмбэрэл гишүүнтэй уулзахаар өрөө рүү нь явлаа.
Хэрэв Д.Дэмбэрэл, Н.Алтанхуяг нар зөвшилцөлд хүрэхгүй бол МАН-аас бусад нам, эвслийн гишүүд дараагийн ахмад настай гишүүн болон Л.Цогоор чуулганыг удирдуулах саналыг дэмжиж байгаа юм.