2019 он. Улиран одож буй энэ жил Монгол Улсын нийгэм, эдийн засаг улс төрийн хувьд хүндхэн бас авах юмтай болж өнгөрлөө. Хүндхэн гэдэг нь УИХ-ын гишүүд, хууль хяналтын байгууллагынхны хувьд 2019 он хамгийн халгаатай жил болж байх шиг. Нэг үгээр Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар зэрэг Монгол Улсын хуулийн салбарын хөшүүрэг болсон хүчний байгууллагын удирдлагын төвшинд томоохон халаа, сэлгээ явлаа. УИХ, Ерөнхийлөгч, шүүх байгууллагаас хамааралтай удирдлагын томилгоо хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэсэн гуравхан хүний эрх мэдэлд шилжсэн нь урд хожид байгаагүй үзэгдэл болов.
Цаашлаад сонгуулийн үр дүнгээр парламентад үнэмлэхүй олонхи болсон МАН-ын зарим албан тушаалтныг огцруулж, хажуугаар нь хоёр ч хүнд шүүхээс ял оноосон нь нийгэмд гэхээсээ эрх баригчдад өөрсдөд нь томоохон цохилт болсон юм. Үүнээс гадна төр, засгийн тэргүүнүүдийн ээлж дараалсан айлчлалын хүрээнд хэд хэдэн хэлэлцээнд гарын үсэг зурсан нь гадаад төвшинд Монголын нэр хүнд өсөх шалтгаан болов. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулсан нь гадаад тавцан дахь нэр хүндэд хасах оноо болон буулаа.
Ямартай ч улс төрийн толхилцоон гудамжинд гарахдаа тулж, эцэстээ УИХ-ын даргаараа “туг тахиснаар” намжсан Монголын улс төрд 2019 онд хэрхэн өрнөснийг онцлох 24 баримтаар тоймлон хүргэж байна.
1.НЭГ НЬ ЭХЛҮҮЛЖ, НӨГӨӨХ НЬ ДУУСГАВ
Сонгуулийн ээлжит дүнгээр парламентад олуулаа болсон МАН амлалтаа биелүүллээ. Биелүүллээ гэдэг нь тэд “Эцэг хууль”-ийг баталсан 1992 онд баталсан Ардчилсан Үндсэн хуульд оруулсан 1999, 2000 оны өөрчлөлтөөс хойшхи парламент, гүйцэтгэх, шүүх тогтолцоо гэсэн засаглалын гурван мөчирт нэлэнхүйд нь шинэчлэл хийснийг энэ оны онцлох үйл явдлын нэгдүгээрт эрэмбэлэх нь зүйн хэрэг.
“Давхар дээл”-д хязгаар тогтоож, Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлж, огцруулах саналыг Үндсэн хуульдаа оруулж, шүүхийн хараат бус байдлыг “тусгаарлаж” өгсөн нь энэ парламентын хувьд түүхэн шийдвэр байлаа.
Онцлог нь 2020 оны тавдугаар сараас мөрдөж эхлэх засаглалын суурь өөрчлөлтийг УИХ-ын дарга асан М.Энхболдын үед эхлүүлж, Г.Занданшатарын үед дуусгасан нь яалт ч үгүй түүхэн баримт болон үлдэж байна.
2.ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭСЭН АЙЛЧЛАЛ БУЮУ Х.БАТТУЛГЫН ТОХИРОО
Монгол Улсын тав дахь Төрийн тэргүүнээр сонгогдсон Х.Баттулгын хувьд сонгуулийн гол туг нь Тавантолгойн орд газрыг Хятадуудад эзэмшүүлэхгүй байх явдал байв.
Энэ ордыг Монгол, БНХАУ, Япон гэсэн гурван улсын хамтарсан консерциумд өгөх замаар эдийн засгийн эргэлтэд оруулах санал бүхий хуулийн төслийг сайд М.Энхсайхан тухайн үед Засгийн газрынхаа нэрийн өмнөөс оруулж ирэхэд спикер асан З.Энхболд гарын үсэг зурсан сайд нарыг огцруулахаа мэдэгдсэнээр уг ажил гацаанд орсон.
Бүр таг зогссон. Гагцхүү Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөсөө хойш хоёр жилийн хугацаанд урд хөрштэйгөө “өстөн” мэт явсан Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсад айлчлал хийж, хэд хэдэн хэлэлцээ хийсэн нь яах аргагүй онцлох үйл явдлын нэгээр тодорч байна.
3.ГУРАВДАГЧ ХӨРШӨӨ “ОЛСОН НЬ”
Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлал хийлээ. Энэ үеэрээ Монгол Улс, АНУ Стратегийн түншлэлийн харилцаатай болж буйгаа зарлалаа.
Монгол Улсын Стратегийн түншлэлийн харилцаатай болж буй тав дахь улс АНУ болж буйг албан ёсоор зарласан хэрэг. Нэг үгээр өнгөрсөн хугацаанд БНХАУ, ОХУ, Япон, БНЭУ-тай Монгол Улс Стратегийн түншлэлийн харилцаа тогтоогоод байсан юм.
Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Стратегийн харилцаа тогтоосноор тухайн улсын зах зээлд манай бүтээгдэхүүн гарах үндэс суурь тавигдсан гэхэд болно. Ямартай ч Тамгын газрын дарга З.Энхболдын өнгөрсөн онд АНУ-д ажилласан албан томилолтын үр дүн ийнхүү тодорсон байх магадлалтай.
4.ТАВАН ЖИЛИЙН ДАРААХ “ГАР БАРИЛТ”-ЫН ҮР ДҮН
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинг дэлхий нийт мэднэ. Орос “ах нар” хэмээх монголчуудын унаган зан нь ч түүнийг мэдэхийг “шаарддаг”. Харин тэрбээр өнгөрсөн есдүгээр сард Монгол Улсад таван жилийн дараа айлчиллаа.
Сонирхолтой нь, түүний хувьд өмнөх бус “хуучин” танил Х.Баттулгатай хоёр орны Төрийн тэргүүний хувиар уулзаж, албан яриа хэлэлцээ хийсэн нь улс төрийн хүрээнд анхаарал татах сэдэв байв.
Хамгийн гол нь, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалаас үлдсэн боломж бидэнд хэрхэн тусахыг цаг хугацааны дэнс харуулах учиртай. Гэхдээ түүний айлчлалын хүрээнд монголчууд УБТЗ-аас эхлүүлээд хэд хэдэн ОХУ-ын оролцоотой компанид давуу эрхээ “тогтоож” чадаагүй нь өнөөг хүртэл шүүмжлэл дагуулах бас нэгэн шалтгаан болж байна.
5.“НӨХӨРСӨГ АЙЛЧЛАЛ-ХИЙН ХООЛОЙ”
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийв. Хувь хүнийхээ бус албан тушаалынхаа эрэмбээр түүний хувьд айлчиллаа. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүн есөн жилийн дараа албан ёсны айлчлал хийж байгаа гэдгээрээ онцлог. Гэхдээ энэ нь Ерөнхий сайдын айлчлалын гол зорилго байсангүй.
Учир нь тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж эцэст нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр хийн хоолой татах асуудлыг нэг мөр болгов.
Учир нь, түүний айлчлалын хүрээнд ОХУ, БНХАУ хооронд байгуулсан гэрээний хүрээнд хойш хөршөөс урд руу хий нийлүүлэх гэрээний хамтрагчаар Монгол Улс тодорсон нь энэ оны төгсгөлд хийсэн томоохон хэлэлцээний нэг байв.
6. С.ЗОРИГИЙН ХЭРЭГ БА Ц.НЯМДОРЖ
Ардчилсан нам эрх барьж байх үед эхэлсэн тэгээд сэдэрсэн, бүр сунжирсан төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг МАН үнэмлэхүй олонхиор засаглаж буй энэ цаг үед илүү тодорлоо. Ж.Эрдэнбатын Засгийн газрыг унагааж, У.Хүрэлсүх танхимаа бүрдүүлэх үед Хуулийн сайдаар очсон Ц.Нямдорж гишүүдийн асуултад ганцхан хариулт өгч байв.
Тэр нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг заавал илрүүлэхээ хэлсэн явдал.
Үүнээс хойш юу болж өнгөрсөн, ОУПХ-ны санал дүгнэлт, өнөөгийн хуулийн байгууллагын шийдвэр, гүйцэтгэлийг шалгах Түр хороог байгуулж, даргаар нь Ж.Батзанданг томилсон байдаг. Түр хороог байгуулснаас хойш Ж.Батзандан, Л.Болд тэргүүтэй гишүүд мэдээлэл хийж ирсэн ч Хуулийн сайд Ц.Нямдорж энэ бүх асуудлаас зайлсхийсээр ирсэн юм.
Тэрбээр сүүлд хийсэн Түр хорооны гишүүдийн мэдээлэлд өөрийн биеэр оролцож уг хэрэгт яллагдагчаар татагдаж, шүүхээс ял ногдуулсан нэр бүхий хоёр хүнийг суллахыг шаардсан нь энэ оны онцлох үйл явдлын нэг байлаа.
7. Д.ОДБАЯР БУЮУ МОНГОЛ УЛСЫН НЭР ХҮНД
Цэцийн дарга асан Д.Одбаяр БНСУ-аар дамжин олон улсын хуралд оролцохоор KAL-ын нислэгээр үйлчлүүлэх үедээ онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн гэх асуудалд нэр холбогдсон нь дан ганц Монголоор зогсохгүй БНСУ-ын хэвлэлээр дамжин дэлхий нийтийн анхаарлын төвд орлоо.
БНСУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагын зүгээс Д.Одбаяр хэмээх хувь хүний тухай биш Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга гэсэн албан тушаалтныг онцолсон нь бидний хувьд хүнд цохилт байв.
Хүнд гэхээсээ олон улсын төвшинд ичгэвтэр хэрэг болсон юм. Д.Одбаяр Монголд ирсэн даруйдаа Цэцийн даргын суудлаасаа огцорч, гишүүний хувиар ажиллах болсон ч түүнийг албан тушаалаа өгөхийг шаардсан жагсаал нэг бус удаа боллоо. Хариуд нь Д.Одбаяр “Камерын бичлэгээр нотлогдвол би өөрөө Цэцийн гадаа зогсоод өндөг шидүүлье” хэмээн мэдэгдээд байна.
8. БНХАУ-ЫН ДАРГАТАЙ ХИЙСЭН ТОХИРОЛЦООГ “ШАЛГАСАН” ГЭНЭТИЙН АЙЛЧЛАЛ
БНХАУ-ын дэд дарга Ван Чишань энэ оны долдугаар сарын 10-12-ны өдрүүдэд манай оронд айлчиллаа. Уг хөтөлбөр нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар хэмээсэн ч энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүн, хэрэгжилтийг “шалгасан” үйл явдал байв.
“20 баримт бичигт гарын үсэг зурсан.
Хоёр Ерөнхийлөгч байлцаж зурсан нь найм юм. Засгийн газар хоорондын болон агентлагуудын хоорондын хэлэлцээрийн баримтуудыг хоёр Ерөнхийлөгчийн хэлэлцээрийн дараа шууд үргэлжлүүлэн зурсан.
Бусад компани хоорондын хамтын ажиллагаа, манай компани тэдний банкнаас зээл авах гэх мэтийн аж ахуйн нэгжтэй холбоотой хэсгийг тусад нь гарын үсэг зурсан” хэмээн Тамгын газрын дарга З.Энхболд тухайн үед тодотгож байснаас харахад БНХАУ-ын дэд дарга Ван Чишань зүгээр ч нэг Монголд үдлээд буцаагүй нь тодорхой.
9. ХАРДЛАГА ДАГУУЛСАН АЙЛЧЛАЛ
Эрх баригч МАН-ын удирдлагуудын урилгаар БНХАУ-ын Коммунист намын төв хорооны Гадаад харилцааны дэд сайд Ван Яжун Монгол Улсад айлчлал хийгээд нутаг буцсан нь хэсэгтээ анхаарлын төвд оров. Түүнийг дагалдан БНХАУ-ын ТББ-ын төлөөлөгчид иржээ. Төлөөлөгчид тавдугаар сарын 29-нд Баянзүрх дүүргийн 9-р хороонд баригдсан Хүүхдийн эмнэлгийн нээлтэд оролцсоноос гадна Монгол Улс, БНХАУ-ын хооронд ТББ-уудын солилцооны арга хэмжээг зохион байгуулж, дараа нь Оюу Толгойн уурхайтай танилцаад нутаг буцсан нь улс төр, нийгмийн хүрээнд өөрийн эрхгүй хардлага дагуулсан юм.
Энэ тухай нийтлэлч Баабар “Өнөөдөр ХКН-ын ТХ-ы гадаад худалдааны хэлтсийн дарга хилээр машинаар орж ирэн ОТ-ын далд уурхай орон танилцаад эргээд машинаар хил гаран одлоо.
Зочдыг МАН-ын зохих удирдлагын хүмүүс тосон авч далд уурхайд хамт орон танилцуулав. Авах эзэн адууныхаа шүдийг үзээд буцлаа" гэж хэмээн сошиал хаягаараа дамжуулан бичсэн нь олон нийтэд хардлага дагуулах шалтгаан болсон хэрэг.
10. ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭ БАЙГУУЛСНААС ХОЙШХИ 10 ЖИЛИЙН ДАРААХЬ ШАЛГАЛТ
УИХ-ын даргын захирамжаар Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг 2018 оны гуравдугаар сард байгуулж, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ахлан ажилласан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын 12 гишүүн, төр, засгийн холбогдох байгууллагын ажилтнууд, улс төрийн дөрвөн нам, 10 гаруй төрийн бус байгууллага, эвсэл хөдөлгөөн болон салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид багтан ажилласан байдаг.
Ажлын хэсгээс хийсэн хяналт шалгалтыг зөвхөн Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд бус Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө (Дубайн гэрээ) зэрэг үндсэн баримт бичгүүдийг бүхэлд нь хамруулж хийсэн бөгөөд таван дэд ажлын хэсэг байгуулж ажиллажээ.
Энэ хүрээнд долоон санал бүхий дүгнэлтийг Ажлын хэсгээс гаргасныг УИХ-аас дэмжиж, баталсан нь энэ оны онцлох үйл явдлын нэг байлаа. Шалгалтын дүгнэлтээс танилцуулбал “Анхны хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгө оруулалтын өөрчлөлтүүд, өөрчлөгдөх болсон үндэслэл, шалтгаан, өөрчлөгдсөнөөр Монгол Улсад үүсэх өр төлбөр, үр өгөөж”-ийг тусгасан нь УИХ-ын гишүүдийг талцахад хүргээд байв.
11. АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДААЛГАВАРТАЙ АЙЛЧЛАЛ
АНУ-ын батлан хамгаалах яамны сайд, Пентагоны тэргүүн Марк Эспер өнгөрсөн наймдугаар сард манай улсад айлчлаад буцлаа.
Пентагоны тэргүүнээр сонгогдоод удаагүй байсан тэрбээр анхны гадаад айлчлалаа Ази, Номхон Далайн бүсийн таван орон тэр дундаа Монголоос эхэлсэн нь дэлхий нийтийн анхаарлын төвд байсан юм.
Энэ тухайгаа Марк Эспер “Монголд ирлээ! АНУ-Монголын нийтлэг үнэт зүйлс, түншлэлийн бат бэх хэлхээ холбоо, дэлхий даяар ардчилал, эрх чөлөөг дэмжих үүргээ батлан харуулах болно” гэсэн тайлбартай оруулж байсан удаатай. Түүний Монголд хийсэн айлчлалын дараа Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлал хийж, тус улсын Төрийн тэргүүнтэй Стратегийн түншлэлийн гэрээ үзэглэсэн нь Марк Эсперийн айлчлал ямар дүнтэй дүнтэй болсныг өгүүлэх мэт.
12. ШВЕЙЦАРИЙН БАНКНЫ НЭР ХҮНД ШАЛААР ХӨГЛӨРСӨН ӨДРҮҮД
УИХ-ын дарга Г.Занданшатарын Швейцарийн холбооны улсад хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Монголын зарим түшээ өөрийнхөө эрх ашгийн хүрээнд өнөөх Швейцарийн банкаар популимз хийхээ урьтал болгож орхив. Магадгүй энэ нь парламентын шинэхэн спикер Г.Занданшатар түүний даргалах парламентын үйл ажиллагааг үлдсэн хугацаанд нь олон улсад бүдгэрүүлж мэдэхээр хэмжээнд хүргэв. Хэнгэрэгийн дохиур нь гишүүн Т.Аюурсайхан.
Улс төрд хөл тавьснаасаа эхлээд улс төрийн ууган хүчин намынхаа төдийгүй төрийн бодлогыг сөрж явсан тэрбээр энэ удаад өөрийгөө гэхээсээ УИХ-ын даргаа хөөдөв.
УИХ-ын дарга Г.Занданшатарын айлчлалын бүрэлдэхүүнд багтаж явсныхаа хүрээнд Швейцарийн холбооны улсаас Монголын хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа үгүйсгэсэн явдал байв.
Энэ тухайгаа тэрбээр ““Credit Suisse AG” банк дахь С.Баярцогтын ам.долларын гурав, еврогийн хоёр нийт таван дансны 2008 оны есдүгээр сарын 30-наас 2013 оны арванхоёрдугаар сарын 31-ний хугацааны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг Монголын талд хүлээлгэж өгснийг авч ирлээ. Гадаад харилцааны яамаар дамжиж, АТГ-т хүргэгдэж байна. Оюутолгойн гэрээтэй холбоотой харилцаа тогтоогдвол гэрээг дахин авч үзэх эрх зүйн үндэслэл болох чухал ач холбогдолтой” хэмээн мэдээлсэн нь нэг талаараа парламентын спикерийнхээ өмнөөс гэрээ, хэлэлцээ хийж, нөгөө талаар дэлхийн хамгийн нууцлал өндөртэй Швейцарийн банкны нэр хүндийг үгүйсгэсэн баримт болон үлдэж байна.
13. С.БАЯРЦОГТЫН ХАРИУ ТАЙЛБАР
Т.Аюурсайхан гишүүн Сангийн сайд асан С.Баярцогтын оффшор бүс дэх банкны дансны хуулгыг авчирсан тухайгаа мэдэгдсэн. Хариуд нь сайд асан С.Баярцогт “Хэрвээ эсэргүүцвэл Швейцарийн холбооны улсын Дээд шүүх, Давж заалдах шатны шүүх гээд гурван шатны шүүхээр явах боломжтой ч бараг хоёр жил энэ процесс үргэлжилнэ. Үүний үр дүнд Монголд материал ирэхгүй ч байж болох нөхцөл байдал үүссэн байсан. Тэгээд өмгөөлөгчтэйгөө зөвлөлдөөд энэ материалыг Монгол руу явуулах хүсэлт тавьсан. Ингээд надад Швейцарийн холбооны улсын прокурорын байгууллагаас материалыг ирүүлсэн. Харин би бүх материалыг АТГ-т 2019 оны нэгдүгээр сарын 11-нд өгсөн.
Гэхдээ өмнө нь би энэ бүх мэдээллийг АТГ-т өгч байсан ч надад итгэхгүй, өөрсдөө Швейцарийн талын хуулийн байгууллагаар дамжуулж авахыг хүссэн байх.
Миний ойлгосноор УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы баатарлаг үйлсийн талаар бодоход дипломат шууданг задалж уншсан, эсвэл шуудан дамжуулж байгаа хүн нь энд ийм материал байгаа гэж тайлбарласан байх гэж бодож байгаа юм. Швейцарийн тал ямар нэгэн улс төрчид, тэмцэгчдэд өгөх боломжгүй бөгөөд хуулийн байгууллага шалгаж, хуулийн байгууллага шалгасны дараа мэдээллээ өгнө. Дипломат шууданг маш сайн нууцалж, дипломат паспорттай хүнд өгөх ёстой байдаг” гэсэн байдаг.
Мөн тэрбээр “Хэн бүхэнд нээлттэй, уншиж судлахад нэн дөхөмтэй судлагдахуун, гарын авлага болгох боломжой “Оюутолгой төслийн 2009 оны гэрээ, холбогдох бичиг баримтууд” товхимолыг гаргаад байгаа гэдгээ тэрээр онцолсон юм. Оюутолгойн гэрээтэй холбоотой олон эргэлзээтэй зүйлүүдийг тайлах, иргэдийн буруу ташаа ойлголтыг залрууж, үнэн зөв бодит мэдээлэл өгөхөд нэн тустай, он удаан жил ашиглагдах гарын авлага болох нь дамжиггүй хэмээн үзэж байна” хэмээн Оюу Толгойн гэрээтэй холбоотой 500 хуудастай товхимол гаргаснаа мэдэгдсэн байдаг.
14. С.БАЯРЫН 60 ХОНОГ
Оюу Толгойн гэрээтэй холбогдуулж Авлигатай тэмцэх газарт ороогдож, цагдан хорих 461 дүгээр хорих ангид 60 хоногийн турш саатуулагдаад гарсан Ерөнхий сайд асан С.Баяр “Жаран хоног “Жаран”-ы бутархай” ном бичиж түүний нээлтийг хийсэн нь энэ оны онцлох үйл явдлын нэг болж байна. Улс төрд яагаад орсон, Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа ямар шийдвэр яаж гаргасан, өнөөгийн төрийн албан тушаалтнуудтай хэрхэн холбогдож явсан тухайгаа дэлгэрэнгүй дурдсан түүний номын агуулга одоо ч хуучраагүй байна.
Тэрбээр “Би бодож санасан зүйлээ номондоо бичсэн учраас олон юм яриад хэрэггүй болов уу гэж бодож байна. Гуравхан зүйл хэлье. Энэ ном бүтсэн түүх нэлээд урт хугацааны бодол юм. Явж байхад олон зүйл санаанд ордог.
Босон, суун тэмдэглээд явдаг. Халаасанд орхисон задгай мөнгө шиг юм шажигнаад л байдаг байсан юм. Хэзээ нэгэн цагт задгай мөнгөө бүхэлдүүлж байгаад ном болгондоо гэсэн бодол байсан. Энэ маань өнөөдөр биелж байна” хэмээн тайлбарласан байдаг.
15. САНААНДГҮЙ БАЙДЛААР “СААРАЛТ ЖАГСААЛТ”-Д ОРСОН НЬ
Монгол Улс 2004 онд APG буюу Ази-Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлэгт элсч, FATF-ын 40 зөвлөмжийг дагахаа илэрхийлсэн билээ. FATF буюу Санхүүгийн хориг арга хэмжээ авах олон улсын байгууллага нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай тэмцэх стандартыг гаргадаг. Харин Монгол Улс FATF-ын 40 зөвлөмжийг хэрэгжүүлсэн эсэхээ бид APG-д үнэлүүлж ирсэн юм. Улмаар 2014 онд тус байгууллагын “Саарал жагсаалт”-аас гарсан ч 2017 оноос эрчимтэй хяналтад нь ороод байгаа юм. Энэ дагуу 2018 онд FATF-аас Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулах эсэх талаар 12 сарын хугацаа өгсөн.
Уг хугацаа өнгөрсөн есдүгээр сард дуусгавар болсон. Харин хоёр хоногийн дараа буюу аравдугаар сарын 15-нд Парист болох ФАТФ-ын ээлжит хурлаар манай асуудлыг хэлэлцээд “Сааралт жагсаалт”-д оруулсан нь улс төрд томоохон цохилт боллоо.
“Саарал жагсаалт”-нд орно гэдэг нь уг 40 зөвлөмж бүхий стандартын биелэлт, хэрэгжилт хангалтгүй дүнтэй гарсан байна гэсэн үг. Тиймээс 2013 онд Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн баталж, 2014 онд Эрүүгийн хуульд энэ чиглэлээр нарийвчилсан зохицуулалт оруулж, холбогдох журмуудыг мөн баталснаар 2014 оны зургадугаар сард Монгол Улс “Саарал жагсаалт”-аас гарч чаджээ. Харин энэ удаад хэрхэн гарах эсэх нь эрх баригчдын хувьд толгойны өвчин байсаар байна.
16. ДАРГА НАРЫНХАА АЛДААГ ДЭДҮҮД НЬ ЗАЛРУУЛНА
Монгол Улс хоёр дахь удаагаа “Саарал жагсаалт”-д орсон нь гадаад, дотоод тавцан, тэр дундаа бизнес, хөрөнгө оруулагчдын төвшинд хүнд цохилт болов. Санхүүгийн хориг арга хэмжээ авах олон улсын байгууллага буюу FAFT-ын зөвлөмжийг мөрдөж, биелүүлээгүйгээс улсынхаа эдийн засагт хохиролтой хоригт орсон талаарх маргаан өнөөг хэр нь өрнөж, буруутныг хайсаар байна. Энэ цаг үетэй зэрэгцэн Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт хариуцлага тооцохоо УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдэж, тэр нь ёсоор болсон.
Оронд нь Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас ойрын хугацаанд гаргах үүрэг бүхий хоёр албан тушаалтныг нэр дэвшүүлж парламентаар томилсон нь Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Д.Баярсайхан нар байв.
Аль аль нь, хариуцлага тооцуулсан даргынхаа дор ажиллаж байсан ч тэдэнд нэг л үүрэг ногдсон нь богино хугацаанд Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас гаргах хүндхэн үүргийг хүлээж байна. Нэг үгээр дарга нарынхаа “алдаа”-г дэдээр нь ажиллаж байсан тэд залруулахаар болж байна.
17. ҮАБЗ ХЭМЭЭХ “МАХНЫ МАШИН”
Монгол Улс засаглалын гурван салаа мөчиртэй. Тэр нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван салбарт харьяалагддаг. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс УИХ-д өргөн барьсан төслийн хүрээнд Авлигатай тэмцэх газар, шүүх, прокурорын удирдлагыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн хүрээнд томилохоор болсон нь энэ оны хамгийн анхаарал татсан хуулийн өөрчлөлтийн нэг байлаа.
Угтаа бол Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг УИХ-ын дарга, шүүх, прокурорын удирдлагыг Ерөнхийлөгчийн зүгээс нэр дэвшүүлснийг парламент хэлэлцэж томилох эсэх шийдвэр гаргах тухай хууль саяхныг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байв.
Гэвч тодорхой улс төрийн шалтаг, шалтгааны улмаас холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар засаглалын дээрх тогтолцоо, эрх мэдлийн хуваарилалт Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шилжсэн нь нийгэм гэхээсээ хуульчдын зүгээс эсэргүүцэх шалтгаан болоод байна. Цаашлаад Үндсэн хуулийнхаа хүрээнд хууль хүчний байгууллагын томилгооо нэгнээсээ хараат бусаар явах бус ҮАБЗ хэмээх “Махны машин” бий боллоо гэсэн шүүмжлэл зүгээр ч нэг гараагүй болов уу.
18. ЕРӨНХИЙЛӨГЧ, УИХ-ЫН ДАРГА, ЕРӨНХИЙ САЙДААС ХАМААРАХ ТОМИЛГОО
Холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Улсын дээд шүүх, Прокурорын удирдлагыг өөрчлөх саналаа гаргасан. Үүнийгээ хуулийн хүрээнд буюу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж хэмээн тайлбарласан удаатай.
Араас нь Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нар өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Орных нь хүмүүсийг нэр дэвшүүлсэн, томилсон. Шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газрын удирдлага бүхэлдээ солигдсон.
Тэгэхээр МАНАН мафи, “30 гэр бүл”-тэй тэмцэх Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын тэмцэл, улс төрд цэгцрэх хөдөлгөөн эхэлснийг мэдэгдсэн УИХ-ын дарга Г.Занданшатар сэдэл 2019 онд бүрэн хийгдсэн хэрэг. Удахгүй хуульд яагаад өөрчлөлт оруулсан, тэр дагуу хүчний байгууллагын удирдлагыг өөрчилсөн шалтгааны учиг гарах биз ээ.
19. ТӨРИЙН ОРДОНД ГАРСАН УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРЭГ
УИХ-ын гишүүн агсан Г.Батхүү энэ оны тавдугаар сарын 17-нд 19:00 цагийн орчимд Төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг гарсан нь улс төрийн хүрээнд цочир мэдээ байв. Талийгаачийг Төрийн ордны хоёр давхрын гонхноос доош унаж амиа алдсан байдалтай хэвтэж байхад нь Төрийн ордны үйлчилгээний ажилтан анх харсан гэдэг.
Тухайн өдөр талийгаач “Торгоны зам” олон улсын автораллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралд 15:00-18:00 цагийн хооронд оролцжээ. Тэрбээр Монголын Автомашин, мотоциклийн спортын холбооны ерөнхийлөгчөөр олон жил ажиллаж байсан нэгэн юм.
Түүний хувьд олон улсын авто уралдаан болох гэж байгаатай холбоотойгоор Төрийн ордонд хурал зохион байгуулж, оролцсоныхоо дараа ийн амиа алджээ.
Талийгаач хуралдааны танхимаас гараад Төрийн ордны хоёр давхарт явж байхдаа МАН-ын нэр бүхий гишүүдтэй уулзсан байдаг. Удалгүй учир битүүлэг байдлаар амь насаа алдсан байдалтай олдсон. Хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг мөрдөн шалгаж байна. Уг хэрэгт УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын нэр холбогдсон гэх ч тэрбээр үгүйсгэж хэд хэдэн удаа мэдээлэл хийсэн билээ.
20. ХУУЧРААГҮЙ ХЭРЭГ БУЮУ ХОЁР ЖИЛИЙН ЯЛ
Хоёр ч удаа хүчингийн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, түүнийг хоёр жилийн хорих ялаар шийтгэсэн нь энэ оны бас нэгэн дуулиан байлаа.
Түүнд шүүхээс Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн байна.
Иймээс түүнд холбогдох эхний хэрэгт 1 жил 4 сар, хоёр дахь хэрэгт 8 сар, нийт хоёр жилийн хорих ял оноожээ.
Д.Гантулгын хувьд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хүчингийн хэрэгт нэр холбогдсон ч үгүйсгэж явсаар өнөөдрийг хүрсэн. Энэ хугацаанд УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өөрийн хүсэлтээр өгсөн байдаг.
21. СОНССОН НЬ ЯЛ СОНСОЖ, ЯРЬСАН НЬ ЯЛ ЗАВШИВ
2016 оны УИХ болон нийслэлийн сонгуулийн өмнөхөн эрх баригч МАН-тай холбоотой нэгэн сенсааци ил болсон нь “60 тэрбум”-ын схем гэгч байв. Түүнээс хойш, нэр холбогдогчдоос цааш эл асуудал улс төр, нийгмийн яриа сэдэв болж явсаар өнөөдрийг хүрчээ. Зарим нэгэн нь ийм схем хэрэгжүүлэхийг “оролдсон” гэх үндэслэлээр хэд хэдэн хүнийг албан тушаалаас нь “бяр”-даж чөлөөлсөн. Өөр нэг хэсэг нь албан бус яриа төдий, хэрэгжүүлээгүй схемийн төлөө нэр бүхий хүнийг золиосонд гаргасан тухай ярьж, шүүмжилсэн, өмөөрсөн. Сонирхолтой нь, 2016 оны сонгуулиас хойш, магадгүй Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад багагүй “хувь нэмэр” оруулсан “60 тэрбум”-ын гэх хэргийн эзэн холбогдогчдод шүүхээс ял ногдууллаа, дөрвөн жил биеэр эдлүүлэх.
Тодруулбал, Нийслэлийн МАН-ын дарга, ИТХ-ын дарга асан Ц.Сандуй, “Шинэ Монгол хаад групп”-ийн захирал А.Ганбаатар нарт прокуророос яллах дүгнэлт үйлдсэнийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд тэднийг төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэм буруутайд тооцон, дөрвөн жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг гаргалаа.
Шүүгчийн алх нэгэнт дуугарсан учраас энд давхар дүгнэлт хийж, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийн тогтолцоог шүүх нь илүүц. Давж заалдах эрх нь нээлттэй учраас дараагийн шийдвэр хэрхэн гарах нь шүүхийн шийдэх асуудал. Харин Ц.Сандуй нарын хэлж байснаар, хамгийн сүүлд “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ тодотгосон А.Ганбаатарын дагуулж ирсэн Г.Доржзодов яагаад хариуцлагаас мултрав гэдэг нь асуулт дагуулж эхэллээ.
22. ХОНГИЛЫН ЭЗЭДТЭЙ ХИЙСЭН ГУРВАН ЖИЛИЙН ТЭМЦЭЛ
Энэ оны дуулиантай эрхмийн нэгээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тодорч байна. Тэрбээр УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үедээ буюу 2016 онд дөрөвдүгээр сард Монгол улс төрд “Шударга бусын хонгил” бий болсныг илчилж, түүнтэй тэмцэхээ илэрхийлж байсан. Үүнээс хойш УИХ, АН-ын даргын сонгуульд нэр дэвшээд бүдэрсэн ч өдгөө “Шударга бусын хонгил”-той хийх тэмцлээ улам өргөжүүлэн хийж байна.
Тэрбээр “МАНАН гэдэг зүйлийн цаана Ц.Элбэгдорж байдаг гэж ойлгодог. Учир нь энэ хүн Ерөнхийлөгчийн албан тушаал дээрээс МАН, АН-ыг холбосон. Эндээс өөрийн үгэнд орох, барьцаанд нь үлддэг хүмүүстэй нийлж монголын төрийг самарч эхэлсэн. Хоёр дахь хүн бол М.Энхболд. Ц.Элбэгдоржийн тухай 2016 оны дөрөвдүгээр сарын 4-нд, М.Энхболдыг мөн энэ оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр анх хэлж байсан юм. Яасан гэхээр улсын эв нэгдлийг илэрхийлэгч хүн аль нэг намын дарга, хүчний байгууллагын даргыг ямар нэгэн байдлаар өөрийн гарт оруулж, багаа бүрдүүлэн Монгол төрийг самарсан. Үүнийг л МАНАН гээд байгаа юм.
Ц.Элбэгдоржийн нэрийг хэлэхэд хэцүү байсан л даа. Энэ хэцүү юмыг хийдэг, хэлдэг хүн манай улсад байдаггүй юм байна. Эдгээр нь ямар нэгэн байдал тухайлбал, мөнгөөр холбогдсон, харилцаа хамааралтай хүмүүс. Тиймээс дуугардаггүй юм байна.
“Би Монголын төрд, бидний үр хүүхдүүдэд дахин муу муухай зүйл тохиолдохгүй байхын тулд хэлэхээс өөр аргагүйд хүрлээ” хэмээн мэдэгдсэн байдаг.
Хамгийн сүүлд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн талд шийдвэр гаргажээ. Тодруулбал, Иргэний 21.2, 511.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Элбэгдоржид “25 дугаар суваг” телевизээр нэхэмжлэгч Н.Алтанхуягийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээллийн хэмжээгээр няцаалт хийхийг даалгаж, Ц.Элбэгдоржоос 1.000.000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн билээ.
23. 240 ТЭРБУМЫН ҮНЭТЭЙ ДАМПУУРАЛ
УИХ-д МАН-аас нэр дэвшин сонгогдсон гишүүн Б.Ундармаагийн эзэмшлийн гэгддэг “Капитал” банкыг татан буулгах шийдвэр Монгол банкнаас энэ онд гарч, тус банк дампуурсан нь энэ оны хамгийн дуулиантай үйл явдлын нэг болж байна.
Учир нь тус банкны чанаргүй зээл нь 208 тэрбум төгрөгт хүрч, нийт хуримтлагдсан алдагдал нь 380 тэрбум төгрөг, өр төлбөр нь активаасаа 279 тэрбумаар хэтэрсэн тул ийнхүү тус банкын албадан татан буулгах шийдвэрт хүрсэн байдаг.
Үүнтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Ундармаа өнөөдрийг хүртэл хугацаанд албан ёсны тайлбар хийгээгүй явна.
Харин “Саяхан дампуурсан “Капитал” гээд банкинд 240 тэрбум төгрөгийн НДШ-ийн мөнгө алга болсон. “Капитал” банкны эздүүдийн хөрөнгийг хураагаад энэ мөнгөө олоод авчих юм бол НДШ-ийг хоёр хувь нэмэхгүйгээр хоёр жилийнхээ төлөвлөсөн зарлагыг гаргаж болно. Энэ мэтээр идэх уух нь хэтэрсэн. Үүнийг нь нөхөхийн тулд Улаанбаатарын иргэд арав, хөдөө орон нутгийнхан есөн татвар, төлбөр, шимтгэлийн нэмэлтэд дарлуулах нь. Ядаж 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх хоёр хувийн орлогыг болих нь зүйтэй гэж төрийн тэргүүн үзэж байгаа” хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдэгдсэн нь бас нэгэн асуудлыг дагуулж эхлээд байна.
24. БАРЦАДТАЙ САЙД
У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойшхи хамгийн барцадтай сайд нь Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болж байна. Түүний хувьд Төрийн тэргүүн, Ерөнхий сайдын гадаад албан айлчлалыг зохион байгуулахад жин дарахуйц нөлөөтэй оролцсон ч тус яамны дипломат ажилтнууд ээлж дараалан хар тамхи, хууль бус наймаанд нэр холбогдож эхэлсэн нь түүнийг боорголох гол шалтгаан болж байна.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхнаас эхлүүлээд гишүүн Ж.Батзандан тэргүүтэй улстөрчид баримт дэлгэн мэдээлэл хийсэн нь Д.Цогтбаатар сайдыг чиглэсэн шүүмжлэлийн галыг улам өрдөх шалтгаан болж байгаа нь нууц биш.
Сүүлд гэхэд БНХАУ, Хонгконгоор дамжин орж ирсэн 800 гаруй хятад иргэн иж бүрэн тоноглосон компьютер, гар утас ашиглаж Монголд мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үйлдлийг тагнуул, цагдаагийн байгууллагаас илрүүлсэн нь Монгол төрийн нэрийн өмнөөс гадаад орчинд ажиллаж байгаа Консул, дипломат ажилтнуудтай холбоотой асуудлыг чиглэсэн шүүмжлэлийг “хурцалж”, Д.Цогтбаатар сайдын чихнээс хонх уях болсон бодит баримт юм.
С.Гандөл