
Гадаад, дотоод нийлүүлэлтийн шок
Инфляцын өнөөгийн нөхцөл байдал
Үндэсний статистикийн хорооны (ҮСХ) 2026 оны 4 дүгээр сарын мэдээгээр Монгол Улсын жилийн инфляц 10.1 хувь хүрч, өмнөх сараас 2.7 нэгж хувиар огцом өссөн нь Монголбанкны дунд хугацааны зорилтот түвшин болох 6±2 нэгж хувийн хязгаарыг давж гарсан байна. Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн инфляц 19.7 хувь, мах, боловсруулсан бүтээгдэхүүний бөөний үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 38 орчим хувиар өссөн нь өнөөгийн үнийн дарамтыг хөдөлгөж буй гол хүчин болж байна.
Энэхүү шинжилгээ нь ҮСХ-ны 2024.01-2026.04 хүртэлх ХҮИ-ийн сарын мэдээ, Нийслэлийн хүнсний гол нэрийн бараа, шатахууны 7 хоногийн үнийн мэдээ, Ойрх Дорнодын Ормузын хоолой дахь геополитикийн шинэ нөхцөл байдал болон онлайн мэдээллийн сувгуудаар гарсан махны үнийн талаарх мэдээллийг нэгтгэн дүгнэлээ.
Сүүлийн 12 сарын инфляцын өөрчлөлт
| Сар |
Ерөнхий ХҮИ |
Хүнс |
Тээвэр |
Орон сууц, түлш |
| 2025-05 |
8.3% |
5.6% |
4.5% |
21.5% |
| 2025-08 |
8.8% |
9.9% |
3.6% |
19.8% |
| 2025-11 |
8.2% |
12.0% |
4.3% |
19.4% |
| 2026-02 |
6.5% |
12.3% |
-2.7% |
2.0% |
| 2026-03 |
7.4% |
14.1% |
-0.1% |
1.3% |
| 2026-04 |
10.1% |
19.7% |
5.9% |
1.6% |
Эх сурвалж: 1212.mn
Хүснэгтээс харахад орон сууц, түлшний бүлгийн инфляц 2025 оны намраас 2026 эхэн хүртэл 20 орчим хувь байснаа 1.3-2.0 хувь болж буурсан нь 2024 оны цахилгаан, дулааны тарифын өсөлтийн суурийн нөлөө арилснаар тайлбарлагдана. Гэвч хүнсний инфляц 2025 оны зуны 5.6 хувиас 2026 оны 4 сард 19.7 хувь хүрч 3.5 дахин өссөн нь нийт ерөнхий индексийг 4 сард 10.1 хувьд хүргэсэн гол шалтгаан болжээ.
Гадаад хүчин зүйлсийн нөлөө:
Гол шалтгаан (Ормузын хоолой ба түлшний үнийн шок). Дэлхийн нефтийн худалдааны ойролцоогоор 20 хувь, шингэрүүлсэн хийн (LNG) худалдааны 25 орчим хувь дамжин өнгөрдөг Ормузын хоолой нь АНУ-Ираны цэргийн ажиллагааны улмаас хаагдаад байгаа билээ. Иран улсын хувьд уг хоолойтой холбоотой менежментийн байгууллага байгуулсан бол АНУ-ын зүгээс Ираны боомт болон тус улсын далбаатай хөлгүүдийг зорчуулахгүй байхаар хаалт хийгээд байна. Хэдийгээр 4 сараас эхэлсэн гал зогсоох гэрээ хүчинтэй байгаа боловч хоолойг бүрэн нээх, бүслэлтийг цуцлах албан ёсны хэлэлцээ эцэслээгүй байна.
Ормузын хоолой хаагдсанаас улбаатайгаар Brent маркийн нефтийн үнэ нэг баррель нь 100 ам.доллароос давсан үе олон удаа давтагдаж байгаа бөгөөд нефтийн болон хийн тээврийн хөлөг онгоцууд Панамын суваг, Африкаар дамжин тойруу замаар явахад хүрснээр ачаа тээврийн болон даатгалын зардал нэмэгдсэн. Хэдийгээр Монгол Улсын шатахууны импортын 95 хувь нь ОХУ-аас хийгддэг ч олон улсад үүсэж буй үйл явдал нь дотоодод шууд бусаар нөлөөлж, шатахууны үнэ хэдийн өсөөд байна. Тухайлбал, дайн эхэлснээс хойш АИ-95 авто бензиний үнэ 433 төгрөгөөр өссөн бол АИ-92 авто бензиний үнэд өөрчлөлт ороогүй байна. байна. Мөн дизель түлшний үнэ 1200 төгрөгөөр өсөж, 4335 төгрөгт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 38.1 хувиар өслөө. Дизелийн түлшний үнийн энэхүү өсөлт нь инфляцад тээвэр, үйлдвэрлэлийн өртгийг нэмэгдүүлснээр инфляцад дам байдлаар хүчтэй нөлөөлдөг. Учир нь Монгол Улсын ачаа тээврийн 90 гаруй хувь, хөдөө аж ахуйн механикжуулалт, барилгын зориулалтын тоног төхөөрөмжийн ажиллагаа зэрэг нь дизелиэс шууд хамаарна. Дизель түлшний нэг литрийн үнэ 1,200 төгрөгөөр өсөх нь тээврийн нэг тонн-км тутамд зардал 6–9 хувиар нэмэгдэж, цаашлаад хүнс, барилгын материал, хэрэглээний барааны өртгийн өсөлтөөр дамжин инфляцад нөлөөлдөг.
Өдөр тутмын хэрэглээнд чухал нөлөөтэй боловч инфляцыг ярихад тэр бүр дурдагдаад байдаггүй ургамлын тосны импортын үнэ жилийн хугацаанд 6,905-аас 12,168 төгрөг болж 76.2 хувиар өссөн нь дэлхийн хүнсний тосны зах зээл болон ачаа тээврийн зардлын өсөлттэй холбоотой байгааг анхаарах шаардлагатай байна. Мөн энэ онд дотоодын төмсний үнэ өндөр хувиар өссөн нь ч инфляцад багагүй нөлөө үзүүллээ.
Хоёрдогч шалтгаан: Хятадын эдийн засгийн өсөлт удааширч байгаа байдал дэлхийн зах зээл дэх нүүрсний уналттай холбоотойгоор 2025 оны нүүрсний экспортын орлого буурсан нь төгрөгийн ханшид тодорхой хэмжээний дарамт үзүүлж байна.
Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2024-2026 онуудад 5-9 хувиар суларсан нь импортын барааны үнийг бүхэлд нь дээшлүүлж байна.
Ормузын хоолой хаагдсантай холбоотойгоор тээврийн ачаалал Панамын суваг руу шилжиж дамжин өнгөрөх тээврийн хүлээгдэх хугацаа уртассанаар, далайн тээврийн ачааны тариф нэмэгдэж буй бөгөөд энэ нь Ази-Европын импортын барааны үнийг дунджаар 12-18 хувиар нэмэгдүүлсэн байна.
Дотоод хүчин зүйлсийн нөлөө:
Махны үнийн өсөлтийн нөлөө. Махны үнэ нь Монгол Улсын ХҮИ-ийн сагсны 8-10 хувийг бүрдүүлдэг ч иргэдийн инфляцын төсөөлөлд хамгийн их нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүн юм. Махны үнийн өсөлтийн уг суурийг авч үзвэл 2024 оны зудын улмаас 9.4 сая толгой мал хорогдсон ба зарим аймагт мал тоо толгой 30 гаруй хувиар буурсныг ХХААХҮЯ, НҮБ-ын ХАА-н байгууллагын тооцоо харуулж байна. Махны нөхөн үйлдвэрлэлийн энэхүү нөхцөл байдал 2025 оны намраас үнэд нөлөөгөө үзүүлж эхэлсэн бол 2026 оны хавар-зуны мах нөөцлөлтийн улирлаар үнийн өсөлт хамгийн өндөр түвшинд хүрсэн.
Махны үнийн жилийн өсөлт (2025.05-2026.05)
| Махны төрөл |
2025.05 |
2026.05 |
Жилийн өсөлт |
| Хонины мах, ястай (кг) |
17,477₮ |
26,740₮ |
53.0% |
| Үхрийн мах, ястай (кг) |
20,203₮ |
31,474₮ |
55.8% |
| Үхрийн мах, цул (кг) |
23,364₮ |
36,669₮ |
56.9% |
| Ямааны мах, ястай (кг) |
13,982₮ |
20,260₮ |
44.9% |
| Адууны мах, ястай (кг) |
13,717₮ |
18,108₮ |
32.0% |
Эх сурвалж: 1212.mn
Махны бүх төрлийн үнэ 30–57 хувиар өссөн нь сүүлийн 10 жилийн хамгийн өндөр өсөлт юм. Time.mn-д гарсан мэдээнээс харвал Улаанбаатар хотын зах, дэлгүүрт хонины махны нэг килограмм 28,000–30,000 төгрөгт хүрч, орлоготой багатай өрхийн хувьд “махаа орлуулах” хэлбэрт шилжиж байгааг дурдсан. Энэхүү 50 хувийн өсөлт нь суурь инфляцыг түр зуурын шок биш бүтцийн өөрчлөлт бүхий шинж чанарт оруулж байгааг харуулж байна.
Инфляцад зөвхөн махны үнийн өсөлтийн нөлөө бус бусад хүнсний барааны үнийн өсөлт ч хүчтэй нөлөө үзүүлж байгааг дараах хүснэгтээс харж болохоор байна.
Махнаас бусад зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт
| Бүтээгдэхүүн |
2025.05 |
2026.05 |
Өсөлт |
| Гурил, дээд зэрэг (1 кг) |
3,193₮ |
3,507₮ |
9.8% |
| Талх, зүссэн (600 гр) |
3,286₮ |
3,904₮ |
18.8% |
| Ургамлын тос (1 л) |
6,905₮ |
12,168₮ |
76.2% |
| Тараг, савласан (900 гр) |
4,281₮ |
5,298₮ |
23.8% |
| Алим (1 кг) |
7,109₮ |
8,366₮ |
17.7% |
Эх сурвалж: 1212.mn
Ургамлын тосны үнэ 76 хувиар нэмэгдсэн нь өмнө дурдсаны дагуу Ормузын шок болон Хар тэнгисийн тээврийн хүндрэлтэй холбоотой юм. Талхны үнийн өсөлт гурилынхаас илүү байгаа нь шатахуун, эрчим хүчний зардлын өсөлт хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарт хүчтэй нөлөө үзүүлж буйг илэрхийлж байна.
Үйлчилгээний инфляц ба эрэлтийн дарамт. Зочид буудал, нийтийн хоолны үнэ 2026 оны 4 сард 10.4 хувь, боловсролын үйлчилгээний инфляц 12.8 хувь хэвээр хадгалагдаж байна. Энэ нь суурь инфляц 6-7 хувиас дээгүүр тогтворжих хандлагатайг харуулна. Мөн 2024, 2025 онуудад төрийн албан хаагчдын цалинг 30 гаруй хувиар нэмсэн нь эрэлтийн гаралтай инфляцыг өдөөхөд нөлөө үзүүлсэн. Даатгал, санхүүгийн үйлчилгээний инфляц 2026 оны 4 сард 17 хувь хүрч нэмэгдсэн нь зээлийн хүү, даатгалын шимтгэлийн тарифын шинэчлэлтэй холбоотой бөгөөд цаашид зардлын талаас тогтвортой дарамтыг инфляцад үзүүлэхээр харагдаж байна.
Мөнгөний бодлогын арга хэмжээ
Монголбанк 2022 онд бодлогын хүүг 6.0 хувиас 13.0 хувь хүртэл өсгөж инфляцыг сааруулсан туршлагатай. Хэдийгээр 2024 онд бодлогын хүүг 13 хувиас 10 хувь хүргэж буулгасан боловч 2025 оны эцсээс 12 хувь хүртэл буцаан өсгөсөн нь зөв шийдвэр байсан. Гэвч одоогийн шок нь махны нийлүүлэлт, дизелийн түлшний импортын үнэ, ургамлын тос гэх мэт голчлон нийлүүлэлтийн талын шинж чанартай байгаа нь шууд бодлогын хүүгээр эдгээрийг хянан зохицуулах боломж хязгаарлагдмал юм.
Хэрэв Монголбанк цаашид бодлогын хүүгээ өсгөвөл аж ахуйн нэгжийн зардал нэмэгдэж, ялангуяа жижиг дунд бизнесийг хохироох, өрхийн ипотек, хэрэглээний зээлийн ачаалал хүндэрч хэрэглээ буурах, ажил эрхлэлтийг бууруулах зэрэг сөрөг үр дагавар бий болно. Иймээс Төв банкны зүгээс хүлээх ба ажиглах бодлогыг сонгож, бодлогын хүүгээ одоогийн 12 хувь орчимд тогтоон барих, гадаад валютын нөөцийн зохицуулалтаар төгрөгийн ханшийг тогтворжуулах нь алхмыг авч хэрэгжүүлэх төлөвтэй байна.
Нийт инфляцын төсөөллийн хувьд 2026 оны хоёрдугаар хагаст хүнсний бүлгийн инфляц төл бойжилт, ургац хураалт, гадаад шокийн нөлөөний тогтворжилт зэргээс шалтгаалан хүнсний барааны бүлгийн индексийн өөрчлөлт 12-15 хувийн зурваст байх ба инфляц 8.5-10 хувийн хооронд хадгалагдах магадлал өндөр байна. Ормузын хоолой бүрэн нээгдэх, малын тоо толгойны өсөлт зэргээс шалтгаалан 2027 онд инфляц 6-7 хувийн зорилтот түвшинд буцан орох боломжтой юм.
2026 оны жилийн эцсийн инфляцын хувилбарууд
| Хувилбар |
Үндсэн нөхцөл |
2026.12 ХҮИ |
Магадлал |
| Эерэг |
Ормузын хоолой 3-р улиралд нээгдэнэ, малын төл бойжилт хэвийн үргэлжилнэ |
7.0-7.5% |
25% |
| Үндсэн |
Гадаад шокын нөлөө үргэлжилнэ, дотоод талдаа нийлүүлэлт удаашралтай хэвээр байна |
8.5-9.5% |
50% |
| Сөрөг |
Ормузын хоолой хаагдсан хэвээр, өвөл хүйтэн зудтай байх тохиолдол |
10-12% |
25% |
Эх сурвалж: Судлаачийн тооцоо
Үндсэн хувилбарт (50% магадлал) ХҮИ 2026 оны эцэст 8.5-9.5 хувьд хадгалагдахаар тооцоолж байна. Сөрөг хувилбар бодит болсон тохиолдолд жилийн дунджаар 12 хувь хүрэх боломжтой бөгөөд энэ нь Төв банк бодлогын хүүгээ өсгөх эрсдэлийг нэмэгдүүлнэ. Сөрөг хувилбарын магадлалыг бууруулах гол хүчин зүйл нь дотоод үйлдвэрлэлийн чадавхыг түргэн нэмэгдүүлэх, стратегийн хүнсний нөөцийн (улсын хэмжээнд үр тариа, мах, тос) хэмжээг боломжит байж болох хамгийн дээд түвшинд нэмэгдүүлэх явдал юм.
Инфляцын талаарх хэрэглэгчдийн төсөөлөл
Махны үнийн 50 гаруй хувийн өсөлт нь хэрэглэгчдийн инфляцын төсөөллийг нэмэгдүүлэх замаар хоёрдогч инфляцыг өдөөх эрсдэлтэй. Тухайлбал: иргэд цалин болон тэтгэврийг нэмэгдүүлэхийг шаардах хандлага хүчтэй болж байна. Мөн аж ахуйн нэгжүүд үнийн тохируулга хийж, үнэ-зардал-цалингийн өсөлт үүсэх эрсдэл нэмэгдэж байна, иргэд өөрт ирэх инфляцын дарамтыг бууруулах үүднээс валютын зах зээлд тулгуурлан хадгаламжаа долларжуулах байдал нэмэгдэж төгрөгийн сулралд нэмэлт хүчин зүйл болж байна. Эдгээр гурван сувгаар инфляц "өндөр хэвээр байх" буюу зорилтот түвшинд буцах нь хүндрэлтэй болж байна.
Дүгнэлт
Монгол Улсын инфляцыг хяналтад барих гол сорилт нь гадаад орчны тогтворгүй байдалд биш, дотоод бүтцийн эмзэг байдал гэж харагдаж байна. Зөвхөн Орос-Хятад хоёроос хамааралтай түлшний логистик, ган, зудаас хамааралтай уламжлалт мал аж ахуй, импортод тулгуурласан хүнсний хангамж нь Монгол Улсыг гадаад шокод үргэлж эмзэг болгож байна. Иймд “өнөөгийн инфляц”-ыг бууруулахаас илүү “ирээдүйн инфляцыг хязгаарлах” бүтцийн шинэчлэлд анхаарлаа хандуулах ёстой. Монгол банк, Засгийн газар, ХХААХҮЯ, ЭХЯ-д зохицсон бодлогогүйгээр инфляц нь олон жил 8-10 хувийн түвшинд хэвээр хадгалагдах эрсдэлтэй юм.
2026 оны 4 дүгээр сард инфляцын 10.1 хувьтай байгаа нь Монголбанкны зорилтот түвшингээс давж байгаа бөгөөд хэрэв зөв арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй бол энэ хандлага үргэлжлэх төлөвтэй байна. Махны үнэ 50 гаруй хувь, дизелийн үнэ 38 хувь, ургамлын тосны үнэ 76 хувиар өссөн нь өрхийн худалдан авах чадварыг доройтуулж, ялангуяа бага болон дунд орлоготой иргэдийн амьжиргааны түвшинд хүчтэй сөргөөр нөлөөлж байна. Иймээс шийдвэр гаргагчид нийлүүлэлтийн талын энэхүү асуудлыг хэн хариуцах, юу хийх, хэзээ хэрэгжүүлэх асуудлаар тодорхой “замын зураглал” гаргаж нэн тэргүүнд хэрэгжүүлж эхлэх нь чухал байна. Цогц, шуурхай арга хэмжээ авбал 2027 он гэхэд инфляцыг 6-7 хувьд буулгаж, тогтворжуулах боломжтой юм. Эс бөгөөс олон жилийн турш өндөр инфляц хэвшиж, эдийн засгийн өсөлт болон хөрөнгө оруулалтын орчинд урт хугацааны хор хохирол бий болж болзошгүйг анхаарах шаардлагатай. Тиймээс инфляцыг буруулахтай холбоотой дараах бодлогын зөвлөмжийг хүргүүлж байна.
Бодлогын зөвлөмж
Одоогийн инфляц нь үндсэндээ гадаад түлшний шок болон дотоод бодлогын уялдаагүй байдлаас үүдэлтэй “хосолсон нийлүүлэлтийн шок” (twin supply shocks) шинж чанартай байна. Мөнгөний бодлогоор шууд шийдэхэд хүндрэлтэй тул нийгэм, эдийн засгийн салбар хоорондын уялдаатай арга хэмжээг авах шаардлагатай. Үүнийг богино, дунд хугацааны бодлогуудад тусгаж хэрэгжүүлэх нь зүйтэй юм.
Богино хугацааны (3–6 сар) арга хэмжээ
- Засгийн газрын зүгээс зорилтот бүлэгт зориулсан нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар үнийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлж, 2026 оны зун, намрын цагт нөөц бүрдүүлэх ажлыг шуурхай эхлүүлэх.
- Дизелийн онцгой албан татварыг 2027 оны 1 сарын 1 хүртэл 0 болгосон байгааг сунгах замаар инфляцад ирэх дарамтыг бууруулах.
- Импортын гол бараа (ургамлын тос, чихэр, гурил)-ны татварын хөнгөлөлт, тарифын хязгаарлалтыг богино хугацаанд хэрэгжүүлэх.
- Монголбанкны зүгээс инфляцын тайланг олон нийтэд хүртээмжтэй байдлаар тархааж хэрэглэгчийн инфляцын төсөөллийг тогтворжуулах.
Дунд хугацааны (1-3 жил) арга хэмжээ
- Мал сүргийн эргэлтийг нэмэгдүүлэх, бэлчээрийн менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрчимжсэн мал аж ахуй, тэжээлийн нөөцийн агуулах, эрсдэлийн даатгалыг идэвхжүүлэх арга хэмжээг авах.
- Дотоодын хүнсний үйлдвэрлэлийн төрөлжүүлэх замаар гахайн мах, шувууны аж ахуй, загас, хүлэмжийн ногоо, цагаан будааны үйлдвэрлэлд зориулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, дотоодын хүнсний үйлдвэрлэлийн чадавхыг нэмэгдүүлэх.
- Эрчим хүчний бие даасан байдлыг бэхжүүлэх үүднээс Дулааны цахилгаан станц 5, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг яаралтай горимоор санхүүжилтийг таслахгүй байж, ашиглалтад оруулах. Мөн нар, салхины эрчим хүчний хүчин чадлыг 2030 он гэхэд нийт цахилгаан үйлдвэрлэлийн 30 хувь хүрэх зорилттойгоор ажиллаж эхлэх.
- Шатахууны нийлүүлэлтийг тогтворжуулах үүднээс Дорноговь аймгийн Алтанширээ сум дахь нефтийн үйлдвэрийг ашиглалтад бүрэн оруулах, шатахууны хадгалалтын стратегийн нөөцийг 90 хоногийн хэрэглээний хэмжээнд (одоогийн 30-45 хоногоос) хүргэх.
- Төсвийн сахилга батыг нэмэгдүүлэх замаар үргүй зардлыг бууруулах, цаашид урсгал зардлыг тэлэхгүй байж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар бүтээмжийг нэмэгдүүлэх алхамд шилжих зэрэг ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлэх нь зүйтэй юм.
Ашигласан материал:
- ҮСХ. Хэрэглээний үнийн индексийн сарын тайлан (2024.01 – 2026.04)
- ҮСХ. Нийслэлийн хүнсний гол нэрийн бараа, шатахууны 7 хоногийн үнийн мэдээ (2021.01-2026.05)
- Time.mn. “Махны үнэ дахин нэмэгдэв”
- Reuters / Bloomberg / EIA - Strait of Hormuz blockade reports, 2025–2026
- Монголбанк - Мөнгөний бодлогын мэдэгдэл, бодлогын хүүний шийдвэрүүд
Б.Энх-Амгалан Эдийн засагч доктор


















































