
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах “Monastery Tower” төслийн сурталчилгаа олон нийтэд цацагдаж, худалдан авагчдаас захиалга авч эхэлсэн. Гэвч газрын маргаантай асуудал үүссэн тухай мэдээлэл бидэнд ирсэн тул мэдээллийн мөрөөр тодруулав.
Тус газрын газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа 2025 оны тавдугаар сард болж "Эхлэл брэнд" ХХК ялалт байгуулж 9 тэрбум 323 сая 520 мянган төгрөгийн төлбөрийг бүрэн шилжүүлэн тухайн газрын эзэмших эрхийг авсан байдаг.
Гэвч 2025 оны зургаадугаар сарын 26-ны өдрийн Ж.Хатанбаатарын нэхэмжлэлтэй улсын дээд шүүхийн захиргааны хэргийн тогтоолоор уг бүтээн байгуулалт ном журмын дагуу байсан эсэх нь томоохон эргэлзээг дагуулж байна.
Хэрэв тухайн газар Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төвд эргэн шилжвэл иргэдийн хохирлыг хэн барагдуулах вэ? Нийслэл үү, “Эхлэл” брэнд үү, эсвэл иргэд өөрсдөө хар толгойгоороо хариуцах уу гэсэн асуулт хариулт нэхсээр байна.
Ж.Хатанбаатар өмч хувьчлалын хүчин төгөлдөр заалтаа хэрэгжүүлнэ гэх маргаан үүсгээд байхад "Эхлэл брэнд" захиалгаа үргэлжлүүлэн авсаар байна.
Энэ талаар мэдээллийг “Monastery tower” төслийн ерөнхий гүйцэтгэгч, “Ehlel Vision Development” компанийн гүйцэтгэх захирал Б.Цогтбаяр тодруулахад:
Тэрбээр: "Дээд шүүхийн тогтоол байдаг талаар бол сонссон. Нийслэлийн ЗДТГ-ыг дэмжих зорилготой оролцож байна. Хэрвээ асуудал муугаар эргэлээ гэж бодвол манай газар НЗДТГ болон Ж.Хатанбаатартайгаа мөнгө төгрөгийн хохирлын асуудал яригдана" гэв.
Шүүхийн маргаанд дэмжигчээр оролцоно хэмээсэн ч "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль"-ийн 17 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн хүрээнд “дэмжигч” гэх статус байхгүй бөгөөд тухайн нөхцөлд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг тус хуульд “гуравдагч этгээд”-ээр оролцуулах зохицуулалттай.
Хуулийн маргаан эцэслэгдээгүй байхад хамгаа шавхаад захиалсан иргэдийн мөнгө, итгэл, ирээдүйг давхар эрсдэлд орж байгаа энэ нөхцөлд "Эхлэл брэнд" бүрэн хариуцлага хүлээх үү гэдэг асуулт үлдэж байна.
2025 оны зургаадугаар сарын 26-ны өдрийн Ж.Хатанбаатарын нэхэмжлэлтэй улсын дээд шүүхийн захиргааны хэргийн тогтоолыг хавсаргав.


























































Сэтгэгдэл (2)