Турк улсын ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоганы хувьд Европын орнуудын төрийн тэргүүнүүдийн адилаар Украины нөхцөл байдлыг намжаахын тулд идэвхтэй ажиллаж байгаа билээ. Тэгвэл Туркийн ерөнхийлөгчийн дэргэдэх харилцаа холбооны газрын мэдээлснээр тус улсын ерөнхийлөгч Р.Эрдоган болон ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар энэ мягмар гарагт буюу маргааш Орос-Украины ээлжит уулзалтыг Стамбул хотод зохион байгуулахаар тохиролцсон гэнэ. Уг уулзалтад Орос болон Украин улсын албан ёсны төлөөлөгчид оролцоно. Мөн тухайн мэдэгдэл дээр: “Ерөнхийлөгч Р.Эрдоган ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай уулзах үедээ Украин улсад энх тайван байдлыг хурдан авч ирэхийн тулд гал зогсоох, бүс нутгийн хүмүүнлэгийн байдлыг сайжруулах шаардлагатай байгааг онцлон хэлэлцсэн ба Турк улсын зүгээс цаашид ч одоогийн нөхцөл байдлыг намжаахын тулд хувь нэмрээ оруулсаар байх болно.” гэжээ.
Эх сурвалж: CNN