Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн эрэгтэй сурагчдын дунд хөвгүүдийн зөвлөл байгуулах санаачилгын хүрээнд есдүгээр сарын 9-нд хөвгүүдийн чуулга уулзалт зохион байгуулна. Уг уулзалтыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон “Зөв Эрчүүд” клуб хамтран зохион байгуулж байна.
Есдүгээр сарын 9-нд болох чуулга уулзалтад лектор, “Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” номын зохиолч Г.Мөнгөн, лектор Ү.Амарбат, Н.Булгантамир нар оролцохоос гадна хөтлөгчөөр “Нарнаас том А” подкастын хөтлөгч Н.Ганбилэг оролцоно. Мөн урилгаар залуу уран бүтээлч “Enkhe Erkhem” болох Pacrap хүрэлцэн ирнэ.
ЕБС-д суралцаж байгаа эрэгтэй сурагчдын тоо анги дэвших тусам буурдаг. Жишээлбэл, бага ангийн сурагчдын 51.1 хувийг эрэгтэй сурагчид эзэлдэг бол дунд ангид 50.5 хувь, ахлах ангид 45.3 хувийг эзэлдэг байна. Харин их дээд сургуульд элсэгчдийн ердөө 38 хувийг эрэгтэй оюутнууд эзэлдэг.
Дээрх уулзалтад нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ЕБС бүрээс 3-5 сурагч, нэг эрэгтэй багш сургуулиа төлөөлөн оролцох бөгөөд “Өсвөр насны хөвгүүдэд тулгамдаж байгаа асуудал” сэдвийн дор хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Ингэснээр хөвгүүд өөрсдийн асуудлыг тодорхойлж гарц, шийдлийг хайх замаар цаашдын үйл ажиллагааг явуулж нийслэлийн ЕБС-ийн “Хөвгүүдийн зөвлөл”-ийг байгуулахаар болжээ.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (2)