АН-ын нэхэмжлэлтэй Дээд шүүхэд холбогдох захиргааны хэргийг хариуцагч Дээд шүүхийн давж заалдах гомдлоор Захиргааны давж заалдах шүүх хянан хэлэлцэж байна. Энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И. Мөнхжаргал мэдээлэл өглөө.
Тэрбээр "Дээд шүүх бол хууль тайлбарладаг, хуулийн эцсийн цэг тавьдаг байгууллага. Энэ байгууллагад Ардчилсан намын бүртгэлтэй холбоотой асуудлаар гэрчилгээний ард гурван өгүүлбэр бичих талаар анхан шатны шүүхэд Ардчилсан намын талд шийдвэрлэх шийдвэр гарсан.
Үүнийг Тамгын газар нь биелүүлэхгүй гэж давж заалдаад, түүндээ бүр өмгөөлөгч авна гэнэ. Өмгөөлөгч авч байгаа бол энэ хүмүүс ажлын байран дээрээ тэнцдэг үү, үгүй юу гэх эргэлзээ төрж байна.
Дээд шүүхэд хууль зүйн ухааны хамгийн шилдэг хүмүүс ажилладаг байх үүрэгтэй. Энэ хүмүүс захиргааны маргаан дээр өмгөөлөгч авна гэх үндэслэлээр шүүх хурлыг хойшлуулж байгаа нь эмгэнэл. Монгол Улсад шүүх тогтолцоо, хуулийн байгууллага ялзралд хүрсэнийг харуулж байна. Үнэхээр ажлаа хийж чадахгүй бол тамгын газар, дээд шүүхийн ажилчид ажлаа өгөөд зайлцгаах хэрэгтэй. Энгийн иргэнтэй дээд шүүх маргалдахдаа өмгөөлөгч авдаг тогтолцоотой нийгэмд амьдармааргүй байна. Тамгын газар хувиасаа мөнгө гаргаад өмгөөлөгч авахгүй. Төсвийн мөнгийг өмгөөллийн мөнгөнд зарцуулж байгаа байх. Дээд шүүх, Ардчилсан намтай холбоотой маргаан хоёр жилд явж байна” гэв.
Д.Батчулуун