Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2023 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс нээхээр болжээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "ӨМӨЗО-ны боомтын захиргаа хоёр талын бэлтгэл ажил хангагдсан байдлаас шалтгаалж нэгдүгээр сарын 8-наас зорчигчийн авто замын боомтуудыг нээх шийдвэр гарсан. Эхний ээлжид бэлтгэл бүрэн хангагдвал Замын-Үүд-Эрээний боомтыг нээхээр болж байна" хэмээн өнгөрсөн сард ярьж байсан юм.
Иргэд БНХАУ руу нисэхээсээ өмнө 48 цагийн дотор PCR шинжилгээ өгөх шаардлагатай. Харин хилээр нэвтэрсний дараа шинжилгээнд хамрагдах шаардлагагүй болохыг тус улсын Элчин сайдын яамнаас мэдээлэсэн юм.
Энэ талаар ГХЯ-наас өнөөдөр 14:00 цагт олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэхээр хэвлэлийн хурал зарласан байна.