Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба (УБЗАА)-ны дарга М.Баяраа шуурхай зөвлөгөөнийг удирдаж, нийслэлийн хэмжээнд халтиргаа гулгааг арилгахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цэвэрлэгээ, үйлчилгээнд тавих хяналт зэргийн талаар холбогдох байгууллагуудын удирдлага мэдээлэл өгөв. Энэ үеэр Хог хаягдал, тээвэрлэлт, цэвэрлэгээ үйлчилгээнд тавьсан хяналт, цаашид анхаарах ажлын талаар Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн ТББ-ын тэргүүн А.Нямдорж мэдээлэл өглөө.
Тэрбээр “Зам, талбайн үйлчлэгчдийн тоог нэмэх шаардлагатай. Ихэнх газрын зам, талбайн үйлчлэгчдийн цэвэрлэх зам талбайн хэмжээ стандартаас хэтэрсэн. Мөн техник, багаж хэрэгслийн хангалт муу байна. Зам цэвэрлэгээний технологи, аргачлалаа өөрчлөх, машин техник, ажиллах хүчээ нэмэх шаардлагатай. Ачаалал нэмэгдсэн үед нэмэлт ажиллах хүчийг дайчлах, зам талбайн үйлчлэгч нарын амрах байрыг нэмэгдүүлэх, цагийн менежментийг сайжруулах шаардлагатай” гэв.