Цас орсны улмаас халтиргаа гулгаа нэмэгдсэнээр иргэд хальтирч унаж гэмтэж бэртэх нь нэмэгддэг. Харин энэ тохиолдолд хохирлоо хэрхэн барагдуулахаа төдийлөн мэддэггүй.
Тэгвэл байгууллага аж ахуйн нэгж ойр орчмын 50 метр зам талбайн цас мөсийг цэвэрлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас иргэд бэртсэн бол хохирлыг барагдуулах үүрэг хүлээсэн байдаг аж. Тодруулбал, НИТХ-ын тэргүүлэгчдийн 2012 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор баталсан журамд "Албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь өөрийн баталгаажсан 50 метр эдэлбэр газраас гадна дүүргээс хариуцуулсан нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, явган хүний замын хог, цас, мөсийг тогтмол цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсгэхгүй байх үүрэгтэй" хэмээн заасан байдаг.
Уг тогтоолын дагуу хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, цас мөсөө цэвэрлээгүй иргэнийг 50 нэгж, байгууллагыг 500 нэгжтэй тэнцэх мөнгөн торгуулиар торгох заалттай. Мөн цас мөсөө цэвэрлээгүйн буруугаас иргэн халтирч бэртсэн, автомашин мөргөлдсөн бол Иргэний хуулийн 497.1-д заасны дагуу "Бусдын амь нас, эрүүл мэндэд санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан" хэмээн үзэж, гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээдэг байдаг.
Тиймээс иргэн та цас мөсөө цэвэрлээгүй, халтиргаа гулгаагүй байх орчныг бүрдүүлээгүй албан байгууллагын ойр орчимд халтирч бэртсэн бол харьяа дүүргийнхээ Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаснаар хохирлоо барагдуулах боломжтой юм. Гэхдээ баримтжуулах ёстой гэдгээ мартуузай.
Сэтгэгдэл (1)