Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа, "Нийслэлээс мал гаргах ажлыг зохион байгуулаад 12 хонож байна. Энэ хугацаанд 10 мянга 500 гаруй адуу, малыг нийслэлээс гаргасан. Ажил үр дүнтэй үргэлжилж байна. Муур, нохой устгалын ажил үйлчилгээнд шинэчилсэн тариф оруулахаар саналаа бэлтгэж байгаа. Чингэлтэй дүүрэгт халиа дошин ихээр үүсэж маш хүндрэлтэй нөхцөл үүссэн. Тоног төхөөрөмж яаралтай авч өгөх шаардлага үүсээд байгаа тул шийдвэрлэхээр ярилцаж байна.
Энэ хавар худалдаалах нөөцийн махыг ХХААХҮЯ бэлдсэн. Харин борлуулалтыг нийслэл хариуцна. Нийт 9 дүүрэгт 450 гаруй борлуулалтын цэгээр худалдахаар төлөвлөж байгаа. Нөөцийн махыг зах зээлийн үнээс 20-30 хувь хямд зарна. Нийт 7000 гаруй тонн мах бэлтгэсэн байгаа. Борлуулалтыг гуравдугаар сарын 21-25-ны хооронд эхлүүлнэ. Худалдаа долдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ.
Хувийн хэвшлийнхэн нийслэл хоттой хамтарч, ойр ажиллая гэдэг саналыг гаргасан. Үүний дагуу GS25, CU зэрэг сүлжээ дэлгүүрүүд Улаанбаатар хоттой хамааралтайгаар автобусны эцсийн буудал дээр жолооч нар амарч, бие засах газруудыг тохижуулж өгөх, автобусны буудлын тохижилтод анхаарч ажиллахаар ярилцсан. Хувийн хэвшил санал санаачилгатай ажиллаж байгаад баяртай байна. Бямба гарагт хувийн хэвшлийнхэнтэй цай хамт ууж, тэдний өмнө тулгамдсан асуудлыг сонсож санал солилцож байна" гэв.