ЭЕШ-ын бүртгэлийн талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдөр ЭЕШ-ын бүртгэл улс орон даяар эхэлж байна. Бүрэн дунд боловсролыг төгсөж буй 34.117 суралцагчид байна. Үүний 54 хувь буюу 18,334 нь орон нутагт, 46 хувь буюу 15783 нь Улаанбаатар хотод арванхоёрдугаар ангийг төгссөн байна. Энэ жил 40 мянган шалгуулагч ЭЕШ өгөхөөр байна хэмээн урьдчилсан тооцооллыг хийсэн. ЭЕШ 2006 оноос хойш зохион байгуулагдаж ирсэн. Эцэг эх, иргэдийн зүгээс мэдээлэл сайтай байдаг. ЭЕШ-ыг зохион байгуулах журмыг баталсан бөгөөд Боловсролын Үнэлгээний төвийн цахим хуудсан дээр байршуулсан.
Өнгөрсөн оноос эхлээд ЭЕШ-ыг жилд хоёр удаа зохион байгуулдаг болсон. Энэ жил ч мөн зургаадугаар сар болон арванхоёрдугаар сард зохион байгуулахаар төлөвлөгдөж байна.
Арванхоёрдугаар сард зохион байгуулсан ЭЕШ-аас эхлээд блокчейн технологийг нэвтрүүлсэн. Ингэснээр шалгуулагчдын дүн оноо илүү найдвартай болно. Мөн шалгалтын дүн оноон BA гэсэн ухаалаг тайлангийн систем дээр байршуулна. ЭЕШ-ын дүн оноог Олон улсын шалгалтын дүн оноотой дүйцүүлэх журам өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн. Үүнийг шалгуулагчдад таниулж, ойлгуулна.
ЭЕШ-ын бүртгэл 2023 оны хоёрдугаар сарын 06-ны 10.00 цагт эхлэх ба 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний 18 цагт дуусна. Монгол хэлбичгийн шалгалтын бүртгэл 2023 оны 03 сарын 31-ний өдрийн 18 цагт дуусна" гэв.
Д.Батчулуун