Авто машины цахим үнэмлэх болон RFID системийн суурилуулалтын явцын тухай холбогдох албаныхан мэдээлэл хийж байна. Энэ үеэр Нийслэлийн цахим хөгжил, мэдээлэл технологийн ажлын газрын дарга О.Чинзориг мэдээлэл өглөө.
Тэрбээр "Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор зам тээврийн нэгдсэн системийг бий болгох зорилгоор тодорхой ажлуудыг хийж байна. RFID бол Улаанбаатар хотын нэгдсэн системийн бий болгох ажлын хүрээнд хийгдэж буй ажил юм. Дэлхийн хотууд замын хөдөлгөөнийг зохицуулахдаа технологийн дэвшлийг ашигладаг. Тиймээс энэ бол шинэ зүйл биш.
Уншигч төхөөрөмжүүдийг замууд, уулзварууд дээр байршуулсан. Гуравдугаар сарын 1-нээс цахим гэрчилгээ олгож эхэлнэ.
Иргэдэд мэдээллүүдийг ил тод байлгах, татвар хураамжаа цагтаа төлөөрэй, таны явдаг замд өнөөдөр засвар хийж байгаа зэрэг мэдээллийг хүргэнэ. Ингэснээр түгжрэлийг бууруулах ажил үе шаттай хэрэгжинэ. Цахим шилжилт цаашид үе шаттай хийгдэнэ. Товчоодоор гарахад хураамж авдаг байдлыг халсан. Мөн хүлээх гацах шаардлагагүй болсон. Хоёр гурван цаг зогсдог байдал шийдэгдсэн байгаа" гэв.
Д.Батчулуун