ХСҮТ-ийн хувьд хавдрын чиглэлээр Монголдоо тэргүүлэх эмч нараас бүрдсэн сайн багтай. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэртэй их, дээд сургуулийг төгссөн, мэргэжил мэдлэгээ дээшлүүлсэн залуу эмч нартайгаа хамтран эмчилгээний шинэ арга технологи нэвтрүүлэх талаар чамгүй ахицтай ажиллаж, олон хүний эрдэнэт амийг аварсан, олон хүнийг аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн ажлыг амжилттай хийж байгаа юм. Гагцхүү жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа хавдрын өвчнийг эмчилж эдгэрүүлэх, эрт үед нь илрүүлэх ажлын ачаалал маш их, дээр нь байр савны багтаамж муу, зарим нэг тоног төхөөрөмж дутагдалтай зэрэг асуудал байгааг яаралтай шийдэх шаардлага байгааг сайдад хэлж байлаа. Мөн үйлчлүүлэгчдээс Хавдрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний хэмжээний төв хэрнээ зарим оношлогоо шинжилгээг өөрсдөө хийдэггүй, тоног төхөөрөмж байхгүй, хувийн эмнэлэг хийлгээд ир гэж явуулдаг гэсэн шүүмжлэлийг олонтаа хэлдэг.
Тиймээс эхний ээлжинд Австрийн Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй 10 сая ам.долларын төслийн хүрээнд ХСҮТ-д нэн шаардлагатай MRI, компьютерт томограф, ангиограф зэрэг дөрвөн төрлийн тоног төхөөрөмжийг эхний ээлжинд шийдэж өгөхөөр С.Чинзориг сайд амлалаа. Бусад тоног төхөөрөмжийг шат дараатайгаар шийдэх боломжтой гэж байв. Тэрбээр төр нэгэнт тоног төхөөрөмжийн асуудлыг нь шийдээд өгөх тул хавдрын урдаа барьдаг ганц төв оношлогоо шинжилгээгээ өөрөө хийгээд эмнэлгийн тусламж үйлчилгээгээ үзүүлээд явах нь зүйд нийцнэгэж үзэж буй учраас ХСҮТ-ийн амбулатори дотор үйл ажиллагаа явуулдаг “Медпортал” хувийн эмнэлэгтэй гэрээгээ цуцалж, зай талбайгаа чөлөөлж ав гэдэг үүргийг төвийн удирдлагуудад өгсөн.
“Медпортал” нэртэй хувийн эмнэлэг ЭМЯ-ны шийдвэрээр 2019 оноос 190 ам метр талбайд түрээсийн гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж буй юм байна. Тус эмнэлэг MRI, CT-аар оношлогоо шинжилгээ хийдэг бөгөөд ХСҮТ CT буюу компьютерт томографаар оношлогоо шинжилгээ хийх боломжтой учраас “Медпортал”-д энэ төрлийн оношлогоог хийлгэх үйлчлүүлэгч бүх төлбөрөө хувиасаа гаргадаг. Харин MRI буюу соронзон үелзүүрт томографын шинжилгээг ХСҮТ хийх боломжгүй тул эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт үзүүлдэг юм байна.
ЭМЯ