Турк Улсын элчин сайдын яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр Турк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхтт Элчин сайд Зафер Атеш мэдээлэл өглөө.
Тэрбээр "БНТУ-д сүүлийн жилүүдэд том хэмжээний газар хөдлөлт болж байгаагүй. Өчигдөр өглөө үүрээр Турк улсын өмнөд хэсэгт байрлах мужид 7,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Энэхүү аймшигт газар хөдлөлт нь арван мужийг хамарсан томоохон гамшиг боллоо. 7,7 магнитудын газар хөдлөлтийн дараагаар дахин 7,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Иймд БНТУ-д дөрөв дэх зэрэглэлийн онцгой байдлын дэглэм тогтоосон. Мөн улс орнуудаас дэмжлэг, туслалцаа авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Сүүлийн арван жилийн хугацаанд дэлхий дахинд ийм том хэмжээний газар хөдлөлт хоёр удаа болж байсан. Харин БНТУ ийм хүчтэй магнитудын газар хөдлөлтийг арван цагийн дотор мэдэрлээ.
Ойролцоогоор 45 орон БНТУ-д тусламжийн гараа сунгана гэдгээ илэрхийлээд байна. Харамсалтай мэдээ хэлэхэд, БНТУ энэхүү аймшиг газар хөдлөлтөд 3000 гаруй иргэнээ алдсан байна. 5000-аад байшин барилга нурж эвдэрсэн байна. Энэ гамшиг цааш үргэлжлэхвий хэмээн санаа зовж байна.
БНТУ-ын хүн хэцүү цаг үед Монгол Улсын ард түмэн болон удирдах байгууллагуудын төлөөллүүдийн үзүүлж буй арга хэмжээнд баяртай байна.
Өвлийн улирал учраас аврах ажиллагаанд саад учирч байна. Арван хот руу аврах ажиллагааны багуудыг явуулсан байгаа. Гэр нь нуранганд дарагдсан хүмүүсийг хорогдох байруудад байршуулж байгаа. Цаашид байнгын суурших орон байраар ханган ажиллана. Хотуудын хоорондох зам эвдрэл байхгүй учир хэвийн зорчиж байна. Мөн утасны сүлжээнд асуудал байхгүй" гэв.
Д.Батчулуун