Төрийн албан хаагчдын цалин хөлсний нэмэгдэл ялгавартай байгаа талаар МҮЭ-ийн холбооноос мэдээлж байна. Энэ үеэр МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх цаг болсон. Цагийн хөлс 1 ам.доллар байна. Үүнийг жил бүр нэмж 1,5 ам. доллар гэх мэтээр өсгөх саналыг бид тавьж байсан. БНСУ-ын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагт 7 ам.доллар байдаг. Тиймдээ ч хөдөлмөр эрхлэх насныхан гадагшаа урсах тун эрсдэлтэй байна. Энэ асуудалд онцгойлон анхаарал хандуулахгүй бол үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхуйц асуудал юм. Бүх салбар хүний нөөцийн асуудалд орсон байна.
Мөн хүүхдийн мөнгийг халамж гэж үзэж болохгүй. Бидэнд хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлаар санал гомдол их ирсэн.
Амжиргааны баталгаажих доод түвшин 313 мянган төгрөг боллоо. Таван ам бүлтэй айл 1,6 сая төгрөгтэй байснаар наад захын хүнсний хэрэгцээгээ хангана. Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг байгаа нь өөрөөсөө гадна үр хүүхдээ ч тэжээх боломжгүй мөнгөн дүн. Нэг хүн багадаа 620 мянган төгрөгтэй байж л өөрийн хэрэглээг арай ядан хангана.
Макро эдийн засгийн томоохон тоонууд хүмүүсийн амжиргаа цаашид ажил хөдөлмөр эрхлэх боломжит түвшинд хүрээгүй байгаа нөхцөлд бид тодорхой арга хэмжээ авна.
Ажилчдын цалинг дөрвөөс тав дахин ялгаатай цалин нэмэгдэж байгаа нь ялгаварлан гадуурхалт.
Мөн нүүрсний хулгайн шалгалтын асуудалд хойрго байна. Эрдэнэс Таван толгой ХК-ийн хувьцааг ард иргэддээ олгох шаардлага маш их ирж байгаа ба МҮЭХ ч үүнийг дэмжиж байна. Хувьцааны ногдол ашгаас тогтмол хүртэж, ард түмэн ч хяналт тавьдаг тогтолцоо руу шилжмээр байна. 2024 он хүртэл төмөр зам барихад зарцуулсан, өр зээлтэй гэдэг шалтгаан хэлж хувьцааны ашиг өгөхгүй байна. Бид өрийн дарамтын хэмжээгээр Шри Ланка улсын дараа орж байна. Маш их зээл аваад ирээдүйд сонгуулийн дараа төлнө гэдэг байдлаар хойш тавьсаар цалин хөлс, нийгмийн хамгаалал нь буурч байна" гэв.
Д.Батчулуун