Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Сүхбат Улаанбаатар хотод 2023 онд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд ногоон байгууламжийн ажлыг аж ахуйн нэгжүүдэд өнөөдөр танилцууллаа.
Ирэх зун хотын гудамж, талбайд 31 зүйлийн 500 орчим мянган цэцэг тарина. ААН-үүдийг байгууллагныхаа гаднах гудамж, талбайг цэцэглэгжүүлж тохижилт хийхийг уриалав. Одоогийн байдлаар CU сүлжээ дэлгүүрүүд гадаад орчноо цэцгээр чимэглэн тохижуулна гэдгээ илэрхийлсэн гэж мэдээлэв.
Тэрбээр, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэлд 120 сая мод тарихаар төлөвлөсөн. Үүний 55 саяыг хотын ногоон бүсэд ойжуулалт, хамгаалалтын зурвас байдлаар, 65 сая 3750 га газарт хотын ногоон байгууламж буюу цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар тарина.
Үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улаанбаатар хотод Ерөнхийлөгчийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулах чиглэл өгсөн. Үүний дагуу ажлын хэсэг байгуулагдсан.
Нийслэлийн Засаг даргын 701 тоот захирамжаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн”-г Баянзүрх хайрхныг түшиглэн 20480 га газар байгуулахаар үндсэн төлөвлөлт гарсан.
Эхний ээлжинд 6 га талбайд үрээр тарилт хийсэн. Мөн хүлэмжийн аж ахуй, ажилчдын байр, усалгааны систем, цахилгаан зэрэг дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдсэн. 2023 онд өргөтгөж 32 га газарт тарилт хийнэ гэлээ.