“Хөх сувд” мөсний баяр Хатгал тосгоны Хөвсгөл нуурын эрэг, Хүй Толгойн урд Хайчийн аманд энэ сарын 2-4-ний өдөр болно.
Уг баярын үеэр ирсэн зочдын хамгийн их сонирхдог мөсөн хотхоныг энэ жил Хөвсгөл аймгийн зураач, урчуудын холбооны тэргүүн Б.Ганхөлөг ахлагчтай хамт олон “Ногоон дэлхийгээ хайрлая” сэдвийн хүрээнд урлаж байна.
Хөвсгөл нутгийн онцлогийг харуулсан мөсөн хотхонд ховордсон амьтан, хүүхэд багачуудын тоглох, гулгах мөсөн талбай, мөсөн гэр, чаргатай морь зэрэг олон бүтээлийг мөсөөр урлаж байна.
Анх 2000 онд “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Д.Лхагвацогт, Ж.Төмөрсүх нарын санаачилгаар “Сантын өвөр” гэдэг газар мөсний баяр хийжээ. Арваад чаргатай морины уралдаанд нутгийн иргэд оролцсон байна.
Нуурын мөс баяр зохион байгуулах хэмжээнд хүрээгүй нимгэн байсан учраас 2014 онд, коронавируст цар тахлын улмаас 2020, 2021 онд мөсний баярыг зохион байгуулаагүй юм.