Америкийн Хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP)-ийн үйлчлэх хугацаа дууссантай холбогдуулан уг хөтөлбөрийг дахин батлуулах чиглэлээр Вашингтонд суугаа буурай хөгжилтэй болон хөгжиж буй 27 гишүүн орнууд (GSP Alliance)-ын Элчин сайд нарын уулзалт 2023 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Аргентин Улсын ЭСЯ-нд болж, тус уулзалтад Элчин Сайд Ө.Батбаяр оролцов.
Энэхүү уулзалтаар GSP жагсаалтын хугацааг сунгах үйл явцын талаар GSP Coalition-ий гүйцэтгэх захирал Д.Антони танилцуулж, уг жагсаалтыг шинэчлээгүйгээс гарч буй үр дагавар, цаашид энэ хүрээнд хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцов. Уулзалтын үеэр Элчин сайд Ө.Батбаяр импортын тарифын хөнгөлөлтийн үргэлжлэх хугацааг сунгахыг дэмжиж буй байр сууриа илэрхийлэв.
Мөн Хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP)-ийг шинэчлэн батлах асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг АНУ-ын шинээр байгуулагдсан 188 дахь Конгресст хүргүүлэхээр шийдвэрлэж, Элчин сайд нар албан захидалд гарын үсэг зурав.АНУ-ын Гаалийн хөнгөлөлттэй импортын барааны GSP жагсаалтад 11 мянган нэр төрлийн бүтээгдэхүүн хамаардаг бөгөөд GSP хөтөлбөрийн хүрээнд Монгол улсаас гарал үүсэлтэй 3400 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд гаалийн татварын хөнгөлөлтийг эдлэхээр тогтоосон байдаг.
Эх сурвалж: АНУ дахь Монгол Улсын ЭСЯ