Манай сайтын цоо шинэ булан болох "Долоо хоногийн онцлох хүн" буланд уншигч та бүхэн тавтай морилно уу. Бид энэхүү буландаа тухайн долоо хоногт олны анхаарлыг татсан нэгнийг онцлох юм.
Энэ долоо хоногийн онцлох хүнээр Нийслэлчүүдийг нэрлэж байна.
Хаврын тэргүүн сарын зүрх зүсэгсэн хүнд өдрүүд өнгөрсөөр. Өнөөдрийн байдлаар Монгол орны 90 орчим хувь зудын нөхцөл байдалтай, шуурганд хүн малгүй тэнсэж байна. Энэ үед Засгийн газраас хаваржилт хүндэрч, зудын байдалтай болсонтой холбогдуулж гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн билээ. Мөн малчдын зээлийн төлөлтийг зургаадугаар сарын 1 хүртэл хойшлуулсан юм. Хэдийгээр малчдын зээлийг тэглэнэ гэх мэдээ цахим орчинд цацагдаад байсан ч албаныхан зээл тэглэх бус зээлийн төлөлтийг сунгаж буй талаар энэ долоо хоногт мэдээлсэн. Тухайлбал, малчид харьяа орон нутгийнхаа Хаан банк болон Төрийн банкны салбарт хүсэлтээ цахимаар гаргаж, шийдүүлэх боломж бүрдсэн байна.
Ийнхүү засаг төрөөс гадна нийслэлчүүд зудад нэрвэгдсэн айл өрх, малчдад туслахаар ханвидын аяныг өрнүүлж, том багагүй тусламжийн гараа сунгасан өдрүүд үргэлжилсээр.
Өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлөөс “Сэтгэлийн дэм” хандивын аян эхлүүлээ. Цаашилбал, уяачид хурдан хүлгээ дуудлагаар худалдаж, малчдад туслах тухай ч яригдсан юм. Мөн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Сүхбаатар, Баруун-Урт сумын 300 өрхөд нэг удаагийн буцалтгүй тусламж 660 мянган төгрөг, 200 тонн тэжээл олгохоор болжээ.
Үүний зэрэгцээ Засгийн газрын гишүүдээр ахлуулсан шуурхай зургаан бүлэг замд гарч, зудтай аймгийн малчдад үзлэг хийхээр нарийн мэргэжлийн эмч нар хөдөөг зорисон долоо хоног байв.