2025 оны эхний хагас жилийн байдлаар Монгол улсад зам тээврийн ослын 98 хувь нь жолоочийн хариуцлагагүй үйлдлээс үүдэлтэй болохыг мэргэжлийн байгууллагууд тогтоосон бөгөөд үүнд согтуугаар жолоо барих, хурд хэтрүүлэх, урсгал сөрөх, гэрлэн дохио зөрчих зэрэг тохиолдол эзэлж байна.
Улсын хэмжээнд зам тээврийн ослын тухай 10,650 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс 1,455 хүн зам тээврийн осолд өртөж гэмтсэн бол 396 буюу 27.2 хувийг хүүхдийн тоо эзэлж байгаа юм. Нийт нас баралтын тоо 207 хүрч, бага насны 12 хүүхэд амь насаа алджээ. Үүнээс нийслэлд 53, орон нутагт 154 хүн амь насаа алдсан байна.
НҮБ-аас 2020-2030 оныг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах жил болгон зарлаж, зам тээврийн ослын улмаас нас барсан болон гэмтсэн хүний тоог 50 хувь бууруулах зорилт дэвшүүлснийг монгол улсын засгийн газар дэмжиж, стратеги, хөтөлбөр батлан хэрэгжүүлсэн боловч нөхцөл байдал төдийлөн сайжрахгүй байгааг судалгаа, тооцоолол харуулж байна. Манай улсад зам тээврийн осол ихээр гарч байгаа нь замын стандарт хангалтгүй, жолоочийн хариуцлагагүй байдал зэргээс шалтгаалж байна.
Б.Туяамарал
Сэтгэгдэл (1)