Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци (МУУҮА)-аас стратегийн ордуудад төр хувь эзэмших асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тус ассоциацаас "Төрийн өмчийн компанийн менежментийн үр бүтээмжгүй байдлаас харвал стратегийн ордуудад ашиглалтын үйл ажиллагаа эрхэлж буй бүх аж ахуйн нэгжид төр хувь эзэмшсэнээр Үндэсний баялгийн сангийн хуримтлал нэмэгдэнэ гэдэг нь хангалттай үндэслэл биш юм" гэдгийг мэдээлэлдээ онцолсон юм. Түүнчлэн МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.
Тэрбээр "Төр хувь эзэмших, төрийн өмчит болгох асуудал яригдаж байгаа энэ үед ТӨК-үүдийн нөхцөл байдлаас харахад баялгийн санг бүрдүүлэх, төсөв бүрдүүлэлтэд ч эрсдэл үүсэхээр харагдаж байна. Уул уурхайн салбарын тогтвортой байдал бол Монголын эдийн засгийн тогтвортой байдал. Өнөөдрийн бодлого нь компаниудын үйл ажиллагааг хумьсан, эдийн засгийн голлох үзүүлтэд сөрөг нөлөөлөл үзүүлсэн үйл явдал болно гэж харж байгаа. Олон улсад стратегийн орд гэсэн ойлголт байдаггүй, стратегийн ашигт малтмал гэтэл ойлголт бол байдаг. Стратегийн ашигт малтмал гэдэг нь тухайн улс оронд нэн шаардлагатай, эдийн засгийн эргэлтэд орж, түүнээсээ мөнгөн урсгалыг бий болгох ашигт малтмалуудаа төрөөс бодлогоор дэмжих ойлголт. Гэтэл манайх эсрэгээрээ стратегийн орд гэсэн дэлхийн хаана ч байхгүй ойлголт гаргаж ирээд компаниудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлсэн. Үүнийг нэг талдаа гаргаж, хэлэлцээрийн үр үнд дараа дараагийн хөрөнгө оруулагчдад ойлгомжтой хууль эрх зүйн орчин бүрдээсэй гэж хүсэж байгаа. Төрийн эзэмшилд шилжсэн компаниуд эдийн засгийн үр өгөөжгүй, үйл ажиллагаа нь зогссон байдалтай байгааг бид мэдэж байгаа. Хууль бус олборлолтыг уул уурхайн төсөлтэй андуурч маш олон жил ярьж явсны гайгаар энэ салбарыг олон нийт буруугаар ойлгож, үйл ажиллагаанд нь саад учруулах явдал байсан. Иймээс бид олон нийтэд мэдлэг мэдээлэл өгөх ажлыг хийгээд явж байгаа" гэсэн юм.
Сэтгэгдэл (4)