
Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академийн Цагдаагийн удирдлага, стратегийн тэнхимийн профессор, цагдаагийн хурандаа Б.Одбаатартай ярилцлаа.
-Та өөрийгөө товч танилцуулна уу?
-Би анх 1989 онд энэ сургуулийг тухайн үеийн НАХЯ-ны Цэргийн дээд сургууль нэртэй байхад нь элсэн орж 1993 онд сурлагын онц дүнтэй, цагдаагийн ахлах дэслэгч цолтой төгссөн. Ажлын гараагаа Дорнод аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар томилогдсоноор эхлүүлж тус газарт ахлах мөрдөн байцаагч, Мөрдөн байцаах тасгийн даргаар дэвшин ажиллаж байлаа.
Дараа нь УМБГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Эдийн засгийн гэмт хэргийн мөрдөх хэлтэст ахлах мөрдөгч, чиглэлийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байсан.
ОХУ-ын ДХЯ-ны Удирдлагын академийг 2008 онд төгссөн. ОХУ-д 2012 онд докторын зэрэг хамгаалж, ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байгаад 2013 онд одоогийн эрхэлж байгаа Удирдлагын академийн профессороор томилогдсоноос хойш 13 жил тасралтгүй ажиллаж байна.
-Та Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академийн талаар товч танилцуулна уу?
-Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 229 дүгээр тогтоолоор Дотоод хэргийн их сургуулийг байгуулж, түүний бүтцэд Удирдлагын академийг цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хил хамгаалах болон онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын удирдах ажилтныг бэлтгэх, давтан сургах, мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, түүнчлэн хууль сахиулах салбар болон гамшгийн удирдлагад тулгамдаж буй асуудлыг судлах, шийдвэрлэх арга замын талаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрхлэх чиг үүрэгтэйгээр анх байгуулагдсан.
Удирдлагын академи нь одоо Удирдахуйн ухаан, аюулгүй байдлын удирдлага, стратегийн тэнхим, Цагдаагийн удирдлага, стратегийн тэнхим, Хилийн албаны удирдлага, стратегийн тэнхим, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн удирдлага, стратегийн тэнхим, Онцгой байдлын удирдлага, стратегийн тэнхимийн бүтэцтэй сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа эрхлэн явуулж байна.
Тус академи нь “Хууль сахиулах удирдлага” магистрын болон докторын, “Цагдаагийн стратеги”, “Хилийн стратеги”, “Онцгой байдлын стратеги”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн стратеги” хөтөлбөрөөр магистрын сургалт явуулахаас гадна хууль сахиулах болон онцгой байдлын салбарын удирдах ажилтнуудад зориулсан богино хугацааны сургалтыг явуулдаг.
Анх байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэл тус академийг нийт 360 гаруй алба хаагч суралцан төгсөөд байна.
Мөн удирдах ажилтанд зориулсан богино хугацааны сургалтад цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллага болон бусад төрийн байгууллагаас 670 орчим алба хаагч хамрагдаад байна.
2023 онд “Хууль сахиулах удирдлага” магистрын, 2025 онд “Цагдаагийн стратеги”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн стратеги” сургалтын хөтөлбөрийг амжилттай магадлан итгэмжлүүлсэн.
Энэ онд “Хууль сахиулах удирдлага” докторын, “Онцгой байдлын стратеги” магистрын сургалтын хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.
-Удирдлагын академийн сургалтын үйл ажиллагааны онцлогийн талаар товч танилцуулна уу?
-Удирдлагын академийн стратегийн сургалтын хөтөлбөрт цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хил хамгаалах, онцгой байдлын байгууллагын захиалгаар суралцаж байгаа алба хаагч ажлаасаа чөлөөлөгдөн өдрөөр, хоёр жилийн хугацаатай суралцдаг. Харин “Хууль сахиулах удирдлага” магистрын хөтөлбөрт элсэгч нь 1,5 жилээр, докторын хөтөлбөрт 3 жилээр, улирлын хэлбэрээр тус тус суралцдаг.
Стратегийн сургалтын хөтөлбөрийн гол зорилго удирдахуйн ухааны онолын мэдлэгтэй, асуудлыг тал бүрээс нь бодитой үнэлж оновчтой шийдвэр гаргах мэргэжлийн удирдлагын ур чадвар эзэмшсэн, удирдах ажилтны болон судлаачийн ёс зүй, харилцааны зөв төлөвшилтэй удирдах ажилтныг бэлтгэхэд чиглэдэг.
Суралцагч нь танхимын сургалтаар онолын мэдлэг эзэмшихээс гадна Команд штабын сургууль, сургалтын тоглолт, стратегийн дадлага зэрэг сургалтаар гэмт хэрэгтэй тэмцэх, хил орчмын бүс нутагт үүссэн нөхцөл байдал болон гамшиг ослын үеийн удирдлагын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах мэдлэг, ур чадвар эзэмшиж байгаа нь онцлогтой. Сүүлийн жилүүдэд Команд штабын сургууль, Стратегийн дадлага сургалтыг “Онцгой нөхцөл байдал үүссэн үед хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагаа” сэдвээр Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Өмнөговь аймагт эдгээр аймгуудын цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр болон онцгой байдлын байгууллагыг түшиглэн явуулсан.
-Удирдлагын академид хэрхэн элсэн суралцах вэ. Суралцахыг хүссэн болгонд нээлттэй юу?
-Цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад ажиллаж байгаа, цаашид тус байгууллагынхаа удирдах шатны албан тушаалд дэвшин ажиллах хүсэл сонирхолтой, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх зорилго тавьсан алба хаагч бүрт нээлттэй.
Элсэгч нь бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, дипломын үнэлгээний голч 3.0-аас дээш, тухайн захиалагч байгууллагад 8-аас доошгүй жил ажилласан, сүүлийн 3 удаагийн гүйцэтгэлийн үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ “маш сайн” үнэлэгдсэн, эрүүл мэндийн хувьд харшлах шалтгаангүй, сүүлийн нэг жилийн хугацаанд сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй байх шалгуурыг хангасан байх ёстой.
-Удирдлагын академийн багшид ямар шалгуур, шаардлага тавигддаг вэ?
-Удирдлагын академийн багшид доктор болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагад 8-аас доошгүй жил ажилласан, удирдах албан тушаал эрхэлж байсан дадлага туршлагатай, түүнчлэн дээд боловсролын сургалтын байгууллагад ажилласан туршлагатай байх шалгуур нэн тэргүүнд тавигддаг.
-Дотоод хэргийн их сургуулийн багш нар өнөөдөр нэгдсэн зөвлөгөөнөө хийж байна. “Багш нарын зөвлөгөөн”-ий талаар сэтгэгдлээ хуваалцана уу?
-Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Дотоод хэргийн их сургууль 2026 онд “Багшийн хөгжил-чанартай боловсрол” зорилт тавьж, багшийг хөгжүүлэх, боловсролын чанарыг дээшлүүлэх чиглэлээр нэлээд олон ажил, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Багш хөгжиж байж боловсролын чанар дээшилж, захиалагч байгууллагын хэрэгцээнд нийцсэн чадварлаг төгсөгчийг бэлтгэх учиртай. Иймд өнөөдрийн зохион байгуулж байгаа багш нарын зөвлөгөөн цаг үеэ олсон арга хэмжээ болж байгаад талархаж байна. Нийт багш нартаа ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.






















































