
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын үеэр Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа. Олон улсын олимпын хороо түүнийг эрэгтэйчүүдийн скелетоны тэмцээн эхлэхээс ердөө 20 гаруй минутын өмнө эрхийг нь цуцалснаа зарласан байна.
ОУОХ-ын ерөнхийлөгч Кирсти Ковентри болон Гераскевичийн хооронд явагдсан сүүлийн хэлэлцээ амжилтгүй болж, түүнийг Олон улсын олимпын хорооны зөрчсөн гэж үзжээ.
ОУОХ-ноос гаргасан мэдэгдэлд “тамирчдын үзэл бодлоо илэрхийлэх журам”-ыг зөрчсөн тул Гераскевичийг тэмцээнд оролцуулах боломжгүй гэж тайлбарласан байна. Түүний өмсөхийг хүссэн дуулганд Оросын довтолгооны улмаас амь үрэгдсэн 24 тамирчин, хүүхдийн зураг байсан бөгөөд Украины төлөөлөгчид үүнийг улс төрийн уриалга бус, харин дурсгалын утгатай гэж хамгаалж байв. Гэсэн ч ОУОХ түүнийг буулт хийхээс татгалзсан хэмээн үзэж, дуулганыхаа гадуур хар тууз зүүх зэрэг хувилбарыг хүлээн аваагүй гэж мэдэгдсэн юм.

Тэмцээнээс хасагдсаны дараа Гераскевич “Үгээр илэрхийлэхэд бэрх хоосон мэдрэмж төрж байна” хэмээн сэтгүүлчдэд ярьж, Спортын арбитрын шүүхэд гомдол гаргана гэдгээ мэдэгдсэн ч амжилт олох магадлал бага байна. Тэрбээр медалийн төлөө өрсөлдөх өндөр боломжтой тамирчинд тооцогдож байсан боловч одоо Олимпын тосгоныг нэн даруй орхих шаардлагатай болжээ.
Энэхүү шийдвэрийг Их Британийн олимпын аварга Лиззи Ярнолд зэрэг олон тамирчин шүүмжилж, ОУОХ Гераскевичээс уучлал гуйх ёстой гэж үзэж байна. Харин ОУОХ-ын ерөнхийлөгч Кирсти Ковентри уулзалтын дараа нулимс дуслуулан “Түүний илгээмжийг үгүйсгээгүй, энэ бол хүчтэй, дурсамжийн мессеж байсан. Гэвч талбай дээр хэрэгжүүлэх шийдэл олдсонгүй” хэмээн тайлбарлав. Ийнхүү Украины тамирчны дурсгалын үйлдэл Олимпын дүрэм, улс төрийн мэдрэмтгий асуудалтай мөргөлдсөн нь олон улсын анхаарлын төвд орсоор байна.

























































