
Сүүлийн үед явган хүний гарц орчимд зам тээврийн осол, явган зорчигчтой холбоотой зөрчил гарах тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан цагдаагийн байгууллагаас жолооч нарт анхааруулж байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалтад:
“Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэж заасан.
Иймд жолооч та:
-Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртох үедээ хурдаа хасах;
-Гарцан дээр гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож, зам тавьж өгөх;
-Гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хассан тохиолдолд зэрэгцээ эгнээнд яваа тээврийн хэрэгсэл мөн хурдаа хасаж, шаардлагатай бол зогсох;
-Явган хүний гарцын орчимд үзэгдэх орчин, замын нөхцөл байдалд тохируулан хурд, зайгаа зөв сонгож, явган зорчигчийг бүрэн ажиглан хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Хэдхэн секунд хурдаа хасаж, зам тавьж өгөх нь хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах чухал алхам юм.




















































