
Саудын Арабын нефть тээвэрлэх стратегийн ач холбогдол бүхий хоолойн системд пүрэв гарагт халдлага болж, хэд хэдэн шахуургын станцад гал гарсан байна. Анхны үнэлгээгээр халдлагад Саудын Арабын East-West нефтийн хоолойн дагуух шахуургын станцууд өртсөн байна. Хиймэл дагуулын зургаас нэг станцад их хэмжээний галын ул мөр илэрсэн бол өөр нэг хэсэгт өтгөн хар утаа суунаглаж байжээ.
АНУ-ын албаныхны мэдээлснээр, халдлагад ашигласан нисгэгчгүй онгоцууд Иракаас хөөрсөн байж болзошгүй байна. Гэхдээ халдлагыг яг хэн зохион байгуулсан, нефтийн хоолойн үндсэн шугамд хэр хэмжээний гэмтэл учирсан нь тухайн үед эцэслэн тогтоогдоогүй байжээ.
Халдлагын дараа Саудын Араб уг хоолойн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон байна. Тус улсын Эрчим хүчний яамны мэдээлснээр, Рияд болон Медина мужийн нутагт болсон халдлагын үеэр хэд хэдэн хүн шархадсан бөгөөд эмнэлгийн тусламж авчээ.

East-West хоолой нь Персийн булангаас Улаан тэнгисийн эрэг дэх Янбу боомт хүртэл газрын тос тээвэрлэдэг бөгөөд Ормузын хоолойгоор дамжих шаардлагагүйгээр нефтийг экспортлох боломж олгодог стратегийн чухал зам юм. Хоолой нь ойролцоогоор 1,200 километр урт.
Тиймээс уг шугамд гарсан доголдол нь зөвхөн Саудын Арабын нефтийн экспортод бус, дэлхийн эрчим хүчний зах зээлд ч нөлөөлөх эрсдэлтэй байна. Халдлагын үеэр нефтийн үнэ аль хэдийн баррель нь 100 ам.доллараас давсан байв.
Энэ халдлага нь Ойрхи Дорнодын мөргөлдөөн хурцдаж, нефтийн тээвэрлэлтийн гол замуудын аюулгүй байдалд эргэлзээ нэмэгдэж буй үед болж байна. Саудын Арабын хувьд East-West хоолой нь Ормузын хоолойн эрсдэлийг тойрох хамгийн чухал хувилбаруудын нэг юм. Одоогоор халдлагын улмаас үүссэн хохирлыг бүрэн тогтоох, хоолойн ажиллагааг хэвийн болгоход хэр хугацаа шаардагдах нь тодорхойгүй байна.
Л.Баяр



























































