
1869 оны есдүгээр сарын 24-ний энэ өдөр АНУ-ын санхүүгийн түүхэнд “Хар баасан гараг” хэмээн тэмдэглэгдэн үлджээ. Энэ өдөр алтны үнэ хэдхэн цагийн дотор огцом өсөж, дараа нь сүйрлийн хэмжээнд хүртэл унаснаар олон хөрөнгө оруулагч санхүүгийн асар их хохирол амссан байна. Энэ бүхний цаана тухайн үеийн Уолл-Стритийн нөлөө бүхий санхүүчид болох Жей Гулд, Жеймс Фиск нарын алтны зах зээлийг хянах гэсэн оролдлого байсан юм.
1860-аад оны сүүлчээр Америкийн эдийн засаг Иргэний дайны дараах хүнд үеэсээ гарч байсан ч Засгийн газар алтны зах зээлд ихээхэн нөлөөтэй байв. Тухайн үед тус улсын Засгийн газар алтны нөөцөө худалдаалж, зах зээл дэх нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломжтой байсан нь үнэ хэлбэлзэхэд шууд нөлөөлдөг байжээ. Гулд, Фиск нар алтны үнийг өсгөхийг хүссэн байна. Тэд зах зээл дээрх алтны нийлүүлэлтийг хомсдуулж, үнэ өсөх үед ашиг олох төлөвлөгөө боловсруулжээ. Тэд бусад хөрөнгө оруулагчдад алтны үнэ цаашид өснө гэсэн хүлээлт төрүүлж, их хэмжээний алт худалдан авч эхэлсэн байна. Үнэ үнэхээр өсөж эхэлжээ.
1869 оны есдүгээр сарын 24-нд алтны үнэ дээд цэгтээ хүрэх үед зах зээлд сандрал үүсэв. Хөрөнгө оруулагчид алт худалдаж авахын тулд мөнгө зээлж, улам ихээр арилжаанд оролцож байсан аж. Гэвч Гулд, Фискийн тооцоололд нэг том саад байсан нь тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Улисс С.Грант байлаа.
Грантын засаг захиргаа алтны үнэ хэт өсөж байгааг анзаарч, Засгийн газрын нөөцөөс алт гарган зах зээлд нийлүүлэхээр шийджээ. Есдүгээр сарын 24-нд Засгийн газар их хэмжээний алт худалдаалж эхлэхэд зах зээлд цочрол үүсэв. Алтны үнэ огцом унаж, олон хөрөнгө оруулагч дампуурчээ. Хувьцааны зах зээл мөн хүчтэй доргиж, санхүүгийн хохирол зөвхөн Нью-Йоркоор хязгаарлагдсангүй.
Энэ үйл явдал Америкийн санхүүгийн түүхэнд “Black Friday” буюу “Хар баасан гараг” хэмээн нэрлэгдсэн нь ийм учиртай. Хэдийгээр Гулд, Фиск нар зах зээлийг зориудаар хөөрөгдөх замаар асар их ашиг олохыг зорьсон ч тэдний төлөвлөгөө бүрэн хэрэгжиж чадсангүй. Харин зах зээлд оролцсон олон жижиг хөрөнгө оруулагч болон бизнес эрхлэгчид их хэмжээний хохирол амссан байна.
1869 оны “Хар баасан гараг” нь өнөөдөр дэлхий даяар танил болсон Black Friday худалдааны өдөртэй шууд холбоогүй.
Өнөөдрийн Black Friday нь АНУ-ын Талархлын баярын дараах худалдааны өдөр бөгөөд дэлгүүрүүд их хэмжээний хямдрал зарладаг уламжлалтай. Харин 1869 оны Black Friday бол санхүүгийн зах зээл дээрх алтны үнийн хөөс, зах зээлийн манипуляци, төрийн оролцоотой холбоотой түүхэн хямрал юм.
Гэсэн хэдий ч хоёр үйл явдалд нэг ижил нэр хэрэглэгддэг нь сонирхолтой. Нэг нь Уолл-Стритийн түүхэнд үлдсэн санхүүгийн хямрал, нөгөө нь дэлхийн хамгийн том худалдааны өдрүүдийн нэг болсон байна.

1869 оны үйл явдал өнөөдөр ч хөрөнгийн зах зээлд хэт хөөрөл үүсэх, зах зээлийг зориудаар хөдөлгөх оролдлого ямар үр дагаварт хүргэж болохыг харуулсан түүхэн жишээ болон яригддаг.
Л.Баяр























































