
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар аравдугаар сарын 19-22-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна. Энэ нь Монгол Улсын төрийн тэргүүн Германд сүүлийн 14 жилийн хугацаанд хийж буй анхны төрийн айлчлал юм.
Айлчлал Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагаа эхэлсний 100 жилийн түүхт ойтой давхцаж буйгаараа онцлогтой.
Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Мөн хоёр улсын стратегийн түншлэлийг бэхжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох зорилгоор хамтарсан тунхаглал байгуулахаар төлөвлөжээ.
Түүнчлэн Берлин хотод зохион байгуулагдах “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнгийн нээлтэд хоёр улсын төрийн тэргүүн оролцох юм. Айлчлалын хүрээнд Монгол, Германы бизнес форум, шинжлэх ухааны өдөрлөг болон эрдэм шинжилгээний хурал, бага хурлууд зохион байгуулагдана.
Монгол Улс, ХБНГУ 1974 оны нэгдүгээр сарын 31-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2024 онд хоёр улсын харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн юм.
Л.Баяр





















































