Монголын театрын урлагийн хөгжлийг тодорхойлогч “Гэгээн муза” наадам
өчигдөр болж өндөрлөлөө. Бид тус наадмыг дэлхийн театрын баярын өдөртэй
хамтатган тэмдэглэсээр 10 жилийг үджээ. Энэ жилийн “Гэгээн муза” наадамд
Драмын, Нэг хүний, Хүүхдийн, Инээдмийн жүжиг гэсэн дөрвөн төрөлд нийт
16 жүжгийн 60 гаруй уран бүтээлч өрсөлдсөн юм. Мөн Серби, АНУ, Косово
улсын театраас уран бүтээлчид ирж "Гэгээн Муза"-д оролцон ширүүхэн
өрсөлдлөө.
-Хүлээлт үүсгэж үзэгчдийг залхаасан улаан хивсний ёслол-
Монголын театрын урлагийн хөгжлийг тодорхойлогч “Гэгээн муза” наадам өчигдөр болж өндөрлөлөө. Бид тус наадмыг дэлхийн театрын баярын өдөртэй хамтатган тэмдэглэсээр 10 жилийг үджээ. Энэ жилийн “Гэгээн муза” наадамд Драмын, Нэг хүний, Хүүхдийн, Инээдмийн жүжиг гэсэн дөрвөн төрөлд нийт 16 жүжгийн 60 гаруй уран бүтээлч өрсөлдсөн юм. Мөн Серби, АНУ, Косово улсын театраас уран бүтээлчид ирж "Гэгээн Муза"-д оролцон ширүүхэн өрсөлдлөө.
“Гэгээн Муза 2012” наадам 19:00 цагт улаан хивсний ёслолоор эхлэв. Ёслолын үйл ажиллагаа яг цагтаа эхлэв. Хүйтэнд театрын гадна хэвлэлийнхэн болон жирийн үзэгчид аль хэдийн байраа эзэлсэн ч уран бүтээлчид ирэлгүй хүмүүсийг чилээв. Бараг 10 минутын зайтай ар араасаа ирж буй уран бүтээлчдийн цуваа сүүлдээ 15-20 минут болж сунасан юм.

Энэ жилийн “Гэгээн муза”-гийн улаан хивсэн дээр анхлан гишгэсэн хүмүүс бол Дорноговь аймгийн Саранхөхөө театрын уран бүтээлчид байлаа. Нэр дэвшигчид ар араасаа цувран ирж байсан ч ярилцлага өгөлгүйгээр шууд л дотогш орцгоов. Уран бүтээлчдийг урьж, үзэгчдийг баясгах үүрэгтэй хоёр хөтлөгчийн микрофон нь гацаад чухам юу яриад байгааг чих тавиад ч сонсож чадсангүй. Даарч бас хүлээж залхсан хэвлэлийнхэн болон үзэгчид сүүлдээ бүгд дотогш орж театрын үүдэнд жинхэнэ замбараагүй байдлыг бий болгосон юм. Дараагийн уран бүтээлчид ирчихсэн байхад өмнөх жүжигчид нь дотогшоо оролгүй хэвлэлийнхэнд яриа өгч харагдана. Хэсэг хэсэг газар бөөгнөрч яриа өгч хаана юу болж хэн нэр дэвшээд байгааг жирийн үзэгчид байтугай сэтгүүлчид бид мэдэхэд бэрх байв.
Жилийн жилд олон түмний нүдийг баясгаж сонирхолыг татдаг нэгэн зүйл бол нэр дэвшигч уран бүтээлчдийн гоёл байдаг. Өмнөх жил “Vidal” салоны хамт олон ёслолын үйл ажиллагаанд зориулж уран бүтээлчдийн гоёлын үс засалт, нүүр будалтыг хариуцан ажилласан бол энэ жил оролцогчид энгийн тансаг гоёлыг сонгожээ. Тэр дундаа жүжигчин А.Ганчимэг Д.Ганцэцэг, У.Уранчимэг нар маш сайхан харагдаж байлаа. Тэд корсеттэй торон хар плажаар гоёцгоожээ. Мөн тус наадмын гэнэтийн зочин салбарын яамны сайд Ц.Оюунгэрэл ч маш сайхан харагдаж байлаа.

-Үзэгчид суудлаа эзэлснээр шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 20.10 минутад эхэллээ-
Серби, АНУ, Косово улсын театраас уран бүтээлчид ирж оролцож байгаа нь “Гэгээн муза 2012” наадмын чухал үйл явдал юм. Монголын театрын урлаг олон улсад танигдаж, үйл ажиллагаа нь өргөжин тэлж байгаагийн нэг илрэл яалт ч үгүй энэ юм. Энэ жил драмын жүжгийн төрөлд дэлхийн сонгодог дөрвөн жүжиг өрсөлдсөн. Мөн жүжгийн зохиолч ховор байгаа өнөөгийн нөхцөлд нэг хүний зохиол бичих авьяас билэгтэй зохиолчид хүч түрэн орж ирсэн нь энэ удаагийн наадмын бас нэгэн онцлог байсан юм. Энэ төрлөөс алдарт зохиолч Д.Урианхай “Хоосон зүүд” жүжгээрээ шилдэг болсон юм.
Хүүхдийн жүжгийн шилдгүүдийг шалгаруулснаар шагнал гардуулах ёслолын ажиллагаа албан ёсоор эхэлсэн. Энэ жил хүүхдийн жүжгийн төрөлд Архангай аймгийн Хөгжимт драмын театрын бүтээл “Чипполинд тохиолдсон адал явдал” жүжиг амжилттай оролцож гурван музагийн эзэн болсон. Мөн Улсын “Хүүхэлдэйн театр” Ц.Хулангийн зохиол “Лусын хааны охид” жүжгээрээ дөрвөн музагийн эзэн болсон юм. Хүүхдэд зориулсан жүжгийн уран бүтээлүүд энэ жилийн наадамд нэгэн шинэ өнгө нэмж байна. Аймаг орон нутгийн театрууд, залуу уран бүтээлчид театрын урлагийн нэрд гарсан мастеруудтай зуузай холбон авьяас билгээ сорьж буй нь Монголын тайзны урлаг эрчимтэй хөгжиж буйг харуулсан жишээ болж байна.

Харин Инээдмийн жүжгийн төрөлд Дорноговь аймгийн “Саранхөхөө” театрын бүтээл “Скапений дамшиглал” жүжиг амжилттай сайн оролцож энэ төрөлдөө бүх музаг нь авав. Уг бүтээлийн ерөнхий найруулагчаар залуу найруулагч Н.Пүрэвдорж ажиллажээ.
Дорноговь аймгийн “Саранхөө” театрын “Скапений дамшиглал” инээдмийн жүжиг, Архангай аймгийн Хөгжимт Драмын театрын “Чипполинд тохиолдсон адал явдал”, хүүхдийн жүжиг зэрэг сонин өвөрмөц бөгөөд төвийн театрынхны толгой дээр цахиур хагалж мэдэхүйц бүтээлүүд бийг цохон тэмдэглэхэд таатай байна. Энэ нь жил ирэх тусам “Гэгээн Муза” наадмын өрсөлдөөн улам ширүүн болж буйн илрэл. Түүнээс гадна ССАЖЯ-ны сайдын нэрэмжит шилдэг залуу уран бүтээлчдэд өгдөг шагналыг УДЭТ-ын жүжигчин Б.Тамир хүртсэн юм. Харин шүүгчдийн нэрэмжит тусгай шагналыг сүүлийн үед хүчтэй уран бүтээлээрээ танигдаж буй найруулагч Н.Наранбаатарт гардууллаа. Театр энэ үдэш ахмад уран бүтээлчдээ мөн мартсангүй. Драмын театртай нэг насны амьдралаа холбосон уран бүтээлчид болох АЖ Д.Мэндбаяр, тайз засалч СГЗ, С.Доржсүрэн нарыг хүндэтгэн шагнал гардуулсан юм.

УДЭТ-ын уран бүтээлчдийн хувьд ур чадварын өрсөлдөөн ширүүн байсан. Оюуны бяр тэнхээ амтагдсан сонирхолтой, өвөрмөц шийдлээрээ үзэгчдээ байнга байлдан дагуулж байдаг найруулагч Б.Баатар, Ч.Найдандорж, Н.Наранбаатар нар шинэ соргог, бүтээлч зоримог эрэл хайгуулаараа содон “Эсрэг дурлал”, “Гамлет”, “Би Эдит Паиф байна” жүжгүүдээ “Гэгээн Муза” наадамд сойж, ур ухаанаа уралдуулсан юм.
Мөн алдарт найруулагч Ж.Сэнгэдоржийн найруулж “Тв коктэйл” хамтлагийнхан тоглосон “Хоёр ертөнцийн буудал” бас л хүчтэй өрсөлдөгчдийн нэг байж чадсан. Тэд драмын жүжгийн төрөлд хоёр музатай болсон. Драмын жүжгийн төрөлд УДЭТ-ын Н.Найдандорж найруулагчийн “Эсрэг дурлал” жүжиг гурван номинацид шилдгээр шалгарснаас гадна 2012 оны тайзнаа мэндэлсэн хамгийн шилдэг бүтээлд олгосон гран-при шагналын эзэн болсон юм. Ингэснээр “Эсрэг дурлал” жүжиг энэ үдшийн эзэн болж чадлаа. Театрын урлагт авьяас, чадалтай, мэдрэмжтэй байж чадсан нь хэд л бол хэдэн шагналын эзэн болдгийг “Гэгээн муза” харуулж чаддаг билээ. Хамгийн шудрага хатуу шүүлт нь энэ наадмын онцлог гэлтэй.

-Энэ үдшийн эрхэм зочид-
Монголын урлагийн сор гэгддэг үе, үеийн уран бүтээлчид энэ үдэш хүндэтгэлийн суудалд заларсан. Төрийн шагналт, АЖ Ц.Гантөмөр, АЖ, А.Очирбат, төрийн шагналт МУГЖ, Д.Сосорбарам, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа, Н.Сувд, гэх хүмүүс энэ үдшийн хүндтэй зочдын тоонд зүй ёсоор орж байлаа. "Гэгээн Муза 2011" наадмын зургийг энд дарж үзнэ үү.
Т.Хулан
Сэтгэгдэл (3)