Камертон хамтлагийн 30 жилийн ойн тоглолт энэ сарын 28-ны өдөр "SocialPay Park"-д болно. Үүнтэй холбогдуулан Камертон хамтлагийн гишүүдтэй "Дуу хөгжимтэй ихэр мэт өнгөрүүлсэн 30 жил, сэтгэл зүрхэнд нь орших дуу хөгжмийн орон зай"-н тухай цөөн хором ярилцлаа.
Камертон хамтлагийн ахлагч Д.Болд: Нөхөрлөсөн шиг нөхөрлөж, хайрласан шиг хайрлахыг харуулсан Камертоны 30 жил
Гучин жил Камертон хамтлагийнхан хамт байж, нөхөрлөл, хөдөлмөр, дуу хөгжим гэдгийг харуулсан он жилүүд байсан болов уу. Бид чанартай уран бүтээл хийхийг зорьж ирсэн. Энэ бүгд залууст шинэ хөгжим, стиль, загварыг үзүүлэхийн төлөө үргэлж мэрийж ирсэнтэй, мөн бидэнд тухайн үеийн компаниуд, ах эгч нар дэмжлэг болж явсантай холбоотой. Бид маш сайн уран бүтээлийн төлөө явсан учраас уран бүтээл маань тасралгүй өнөөдрийг хүрсэн гэж бодож байна.
Сүүлд бид "Сэтгэлийн хүч" зэрэг олон шинэ дуу гаргасан. Тэр өдөр Камертон хамтлагийн дуунууд эгшиглэнэ. Амьд хөгжимтэй, доргио тоглолт болох болно. Камертон хамтлагийн 30 жилийн ойн тоглолт зөвхөн "Камертон"-ых байх болно. Бидэнтэй хамт байдаг сонсогчид минь дууныхаа үгийг цээжлээд ирээрэй. Дуулагдах дуунуудын нэрийг зарлачихсан байгаа.
Дуу хөгжим бол аз жаргал, сэтгэлийн хүч, хань, урам зориг. Нөхөрлөсөн шиг нөхөрлөж, хайрласан шиг хайрлаж, эв найрамдал, жинхэнэ уран бүтээлийг бид харуулж чадсан байх.
Бас цэвэр уран бүтээлчид байхыг харуулсан болов уу. Үүнээс гадна Камертоны дуун дээр болзож, гэр бүлээ зохиож байсан хос олон шүү дээ.
Камертон хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ:
Хүмүүсийн итгэл, хайр, хүндлэл дундуур алхсан Камертоны 30 жил
Гучин жилийг гурван үгээр илэрхийл гэвэл хайр, гэр бүл, тэвчээр. Энэ гурав байж гэмээн бүх зүйл сайн сайхан байх юм болов уу гэж би боддог. Зөвхөн хамтлагийн тухайд бус ажил хөдөлмөр, энэ бүхэн. Тэвчээргүйгээс л няцдаг. Тэвчээртэй байвал юуг ч давж гарна. Хэдий чинээ тэвчинэ тэр хэрээр шагнал нь ирдэг юм билээ.
Юм бүхэн хоорондоо холбоотой. Дуу хөгжим амьдралаас, амьдрал харилцаанаас үүснэ гэх зэргээр хөврөөд л байна.
Бүгдийн эхэн булаг нь хайр болж таарч байгаа юм. Хайраас бүх зүйл үргэлжилдэг. Тиймээс хайрыг бид ойлгох хэрэгтэй юм байна. Дуу хуур гэдэг муу муухайг эмчилдэг эм юм болов уу. Нэг их сайхан дуулчихвал бусдыг уучилна шүү. Тийм хүчийг дуу өгдөг.
Дуу болгоны ард дурсамж байдаг. Бүтэн сарны дор хэмээх дууг дуулахдаа гоё байдаг. Халиад л нисээд л, өөрийгөө магтаад л. Ямар гоё дуулдаг юм бэ, ямар гоё дуу вэ гэж бодож дуулахаар сайхан байдаг.
Тайзан дээрээс бүх хүний харц харагддаг. Камертон хамтлагийн сонсогчид маань үнэнч санагддаг. Тэр нь итгэл, хайр хүндлэлийг бидэнд өгдөг. Бид сонсогчдынхоо аз жаргал, баяр баясал дүүрэн харцаар л тэжээгдэж, тэтгэгдэж өдий зэрэгтэй яваа шүү дээ.
Камертон хамтлагийн дуучин Б.Эрдэнэбат:
Сайн бүтээл хийхийн төлөө хичээсэн Камертоны 30 жил
Сэтгэл, авьяас, аз, нөхөрлөлийн гэрч болсон он жилүүд. Бид эхнээс нь бодвол 40 гаруй жил хамтдаа явсан байна.
Бид сайн бүтээл гаргах зорилготой л явж ирсэн. Түүнээс биш мөнгөтэй болох, ганган хувцас өмсөх байгаагүй. Энэ бол дараагийн асуудал байсан.
Үнэхээр гоё дуу ч хүнд хүрдэггүй үе байдаг. Би "Бүтэн сарны доор" хэмээх дуундаа бол үнэхээр хайртай. Бид хэзээ ч өөрийгөө өмнөө тавьж байгаагүй. Сонсогчдодоо маш их баярлалаа. Бид хичээсэн, та бүхэн биднийг хайрласан. Ийм сэтгэлийн тань үрээр өнөөдөрт хүрсэн байна. Дуу болгон та бүхний амьдралын ямар нэгэн үетэй холбоотой байх. Эхнэртэйгээ, найз охинтойгоо танилцаж байсан үе, хэн нэгэнд орхигдож байсан үе ч юм уу, хөнгөн гуниг, жаргал болж бодогдож байдаг. Тэр цаг үедээ очсон юм болж, сэтгэлийн тайвшрал аваасай гэж хүсэж байна.
Камертон хамтлагийн гишүүн Г.Мэнд-Амар:
Дуу хөгжимд дурласан Камертоны 30 жил
Хамтлагийнхаа 30 жилийг гайхалтай, аз жаргалтай дурсамж гэж нэрлэнэ. Хүн болгонд олддоггүй гайхалтай боломж надад ирсэн. Камертоны нэг хэсэг болсон нь гайхалтай зүйл. Хүмүүсийн хайр хүндэтгэлээр аз жаргалтай 30 жилийг бүтээсэн. 1995 оноос өмнө бид сонгодог хөгжим, дуулах урлагаар хичээллэдэг хүүхдүүд байсан. Тэр суурин дээр л бий болсон. Тэр цагаас л дуу хөгжимд эргэлт буцалтгүй дурласан. Олон дууныхаа утга санаагаар бид хамт байсан. Бүгдээрээ энэ сарын 28-нд дурсамжаараа аялая.
М.Жаргал