Архангай аймагт зохиогдсон 29 дэх удаагийн “Болор цом” яруу найргийн наадамд 50 шахам уран бүтээлч оролцсон. Нэгдүгээр шатанд шалгарсан 38 яруу найрагчаас гадна Ж.Баяржаргал, А.Эрдэнэ-Очир, Х.Эрдэнэбаатар, Ж.Мөнхбат, Ш.Лхамноржмаа тэргүүтэй үе үеийн Янжинлхамын эзэд наадамдаа тоосоо өргөж, хөдөө орон нутгийнхны сонорыг мялаалаа. Наадмын гуравдугаар шатанд 16 найрагч тунаж үлдсэнээс айргийн тавд Ж.Мөнхбат, Ц.Эрдэнэбаатар, Б.Мягмаржав, Б.Баярсайхан, Д.Болдхуяг нар шалгарсан юм. Тэднээс Д.Болдхуяг 40 оноогоор тэргүүлж “Болор цом”-ын эзэн болсон байна. Харин удаах байрт Ж.Мөнхбат, Б.Баярсайхан, Б.Мягмаржав, Ц.Эрдэнэбаатар орсон бол Б.Баттулга үзэгчдийн таашаалд нийцсэн найрагчийн шагнал хүртжээ. Эхний гурван байрт шалгарсан яруу найрагч Архангай аймгийн харьяат аж. Дашрамд сонирхуулахад "Болор цом"-ын эзэн Д.Болдхуяг Өвөр Монголын "Солонго" сэтгүүлийн ерөнхий редактороор ажилладаг бөгөөд өмнө нь "Миний жаахан амбуунаа” "Чинад хүрэхүйн сэтгэл”, "Эсэруагийн охины хоолойн чимэг” зэрэг шүлгийн түүврүүдээ хэвлүүлж байжээ. “Болор цом-29” наадмын шүүгчээр утга зохиол судлаач шүүмжлэгч Д.Галбаатар, ардын уран зохиолч П.Бадарч, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ц.Бавуудорж, Б.Ичинхорлоо нар ажиллажээ.
Т.Хулан