Өчигдөр Нью-Йорк хотод болсон “Sotheby’s”-ийн дуудлага худалдаанд “Apple” компанийг анх байгуулсан албан ёсны баримт бичиг 1.6 сая доллароор зарагджээ. Анхны үнээ арав дахин нугалсан энэ эдийн эзэн нь Майамид төвтэй “Cisneros” корпорацийн ерөнхий захирал Эдуардо Сиснерос болсон байна. Зарагдсан баримт бичгийн дотор нэгэн чухал зүйл байсан нь “Apple” компанийг үүсгэн байгуулах зорилгоор хамтран ажиллах гэрээ байв. Энэ гэрээг 1976 оны дөрөвдүгээр сарын нэгэнд 21 настай Стив Жобс, 25 настай Стив Возняк, 41 настай Рональд Үэйн нар хийж гарын үсэг зуржээ. 1976 оны дөрөвдүгээр сарын нэгэн бол “Apple” компанийн албан ёсоор үүсч бий болсон өдөр гэж тооцогддог. Р.Үэйн нь гэрээ байгуулсанаас хойш 11 өдрийн дараа өөрт ноогдох хувиа С.Жобс, С.Возняк хоёрт 800 доллароор зараад компаниас гарсан юм. “Apple” компанийн өнөөдрийн үнэ цэнээр тооцвол тэрбээр компанидаа байсан бол эдүгээ 35 тэрбум долларын хөрөнгөтэй байх байжээ.