Э.Бат-Үүл гишүүний санаачилсан Засгийн газрын
агентлагийн эрх зүйн байдалд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Төрийн
байгуулалтын байнгын хорооны гишүүд дэмжиж хэлэлцэхээр боллоо. Энэ төслөөр
Засгийн газар хэрэгжүүлэгч агентлагуудаа Улаанбаатар хотод биш, Дархан, Эрдэнэт
гэх мэт хотуудад тараан байрлуулах юм. Ингэснээр нийслэл хотод төвлөрсөн эрх мэдлийг
сааруулах аж. Үндсэн хуулинд нийслэл хотод төрийн удирдлагын төв байгууллагууд
байрлана гэж заасан байдаг. Гэхдээ энэ ангилалд зөвхөн яамд, УИХ, Засгийн газар
орох тул хэрэгжүүлэгч агентлагуудыг тараан байрлуулахад болохгүй зүйлгүй гэж
үзэв. Харин Д.Энхбат, Ц.Мөнх-Оргил нарын гишүүд “дургүй хүргээд байвал Дархан
руу хөөгөөд явуулчихаж болох л юм байна” гэж хошигнов. Энэ асуудлаар өөр санал,
гомдол гарсангүй, зуун хувь дэмжиж дараагийн байнгын хорооны хурлаар
хэлэлцэхээр болсон юм.