Боловсрол, соёл, эрүүл мэндийн ажилтан албан хаагчдын Үйлдвэрчний
эвлэл багш нарын ажил хаялтад нэгдэж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ. Багш
нарын ажил хаялтын фронт өргөжиж, шаардлагын хэмжээ ч мөн өөрчлөгдсөн
байна. МҮЭ-ийн удирдлагууд гишүүдийнхээ санаачилгаар хэрэгжүүлж буй энэ
ажил хаялтын төгсгөлд хэд хэдэн зүйлийг шаарджээ. Тухайлбал, дээрх
төрийн албан хаагчдын цалинг 2012 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс
нэмэгдүүлэхийг тусгалаа.

Боловсрол, соёл, эрүүл мэндийн ажилтан албан хаагчдын Үйлдвэрчний эвлэл багш нарын ажил хаялтад нэгдэж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ. Багш нарын ажил хаялтын фронт өргөжиж, шаардлагын хэмжээ ч мөн өөрчлөгдсөн байна. МҮЭ-ийн удирдлагууд гишүүдийнхээ санаачилгаар хэрэгжүүлж буй энэ ажил хаялтын төгсгөлд хэд хэдэн зүйлийг шаарджээ. Тухайлбал, дээрх төрийн албан хаагчдын цалинг 2012 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс нэмэгдүүлэхийг тусгалаа. Мөн энэ жишгээр хувийн хэвшлийн үйлдвэрийн ажилтнуудын цалинг нэмэх, ахмадуудын тэтгэврийг өсгүүлэхийн төлөө тэмцэх гэнэ. Шаардлагыг танилцуулахад эмч, багш нар, Яаралтай түргэн тусламж-103, их дээд сургуулиудын багш нар ирж үгээ хэллээ. Тэдний шаардлагыг ойрын хугацаанд хэлэлцэж, нааштай шийдвэрлэхгүй бол эдгээр салбарынхан ажил хаяна гэлээ. Хэдийгээр тэдний мэдэгдэлд хүчний байгууллага буюу цагдаа, онцгой байдлын газрын алба хаагчид нэгдэж байгаа гэсэн ч дээрх байгууллагуудын төлөөлөгчид ирж үгээ хэлсэнгүй. Ажил хаялтад нэгдэж чадаагүй байгаа сургуулийн асуудлыг МҮЭ-ийн ерөнхийлөгч С.Ганбаатар өмөөрч хэлэхдээ “Оролцож чадахгүй байгаа багш нараа бид ойлгож байгаа. Манай улсад шахалт дарангуйлал ямар байгааг энэ бүхэн харуулж байна” гэсэн юм.
Багш нарын цалинг нэмбэл инфляц хөөрөгдөж, эдийн засагт асуудал үүснэ гэсэн Сангийн сайд С.Баярцогтын байр суурийг МҮЭ-ийн ерөнхийлөгч С.Ганбаатар няцаах үндэслэлээ хэллээ. Тэрбээр “Багш аа, таны цалинг жаахан нэмчихвэл инфляц хөөрөгдөх нь гээд байна. Тэгвэл өнөөдөр багш нарын өлсгөлөн гэдэс инфляцийг торгоож байгаа хэрэг байх нь. Инфляцийг хэн хариуцах ёстой юм бэ, өлсгөлөн багш биш Засгийн газар шүү дээ” гэж тайлбарлав. “Сангийн яам төгрөгийн худалдан авах чадварыг сайжруулна гэсэн бодлого баримталж байгаа ч огт ажлаа хийхгүй байна. Тийм учраас инфляци хөөрөгдөхөд хүрсэн” гэж С.Ганбаатар нэмж хэллээ.
Б.Ганбилэг